УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Аргалант сумын иргэдтэй тайлан уулзалтаа хийлээ
2023.04.19

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Аргалант сумын иргэдтэй тайлан уулзалтаа хийлээ

Төв аймгийн Аргалант сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Аргалант суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.

Аргалант сумын ЗДТГазар 24 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Тус сум 113 мянган толгой малтай ба малын тоо толгойг чанаржуулан цөөлөх, бэлчээрээ хамгаалах, ногоон тэжээл тариалахаар төлөвлөж байгаа талаар сумын Засаг дарга Б.Батжаргал танилцуулж байв.

Сумын сургуульд 230 хүүхэд суралцаж, 32 багш ажилтан ажиллаж байна. Мэргэжлийн дуу хөгжмийн багш дутагдалтай, сургуулийн номын санг шинэ номоор хангах шаардлагатай байгаа тухай багш удирдлагууд танилцуулж саналаа хэлж байлаа.

Сумын цэцэрлэг 75 хүүхэд 3 бүлэг, 13 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгт засвар хийх шаардлагатай, багшийн ширээ сандал, компьютер төхөөрөмж дутагдалтай байгаа аж. Мөн хөгжмийн багшийн орон тоо дутуу, хүүхдийн ор болон тоглоомыг шинээр авах шаардлагатай байгаа тухай эрхлэгч нь танилцуулж байлаа.

Сумын эрүүл мэндийн төв 19 ажилтантай үйл ажиллагаа явуулж тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилт хүрэлцээ муутай, нэг иргэний санхүүжилтээс 100 хувь авч чадахгүй 80 хувьтай орж ирж байгаагийн улмаас НДСанд өр үүсээд байгаа гэнэ.

Суманд ажиллах үеэрээ өндөр настан Хайсандай, Энхсайхан, Н.Нарангэрэл, Д.Баатар, Д.Баяр гуайнд зочлон амар мэндийг нь эрж захиас сургаалыг нь сонслоо.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаар сонирхолтой танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр иргэд: Цалин, тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байгаа тул нэмэгдүүлэх, банкны зээлийн нөхцлүүдийг төр хянаж зохицуулалт хийх талаар саналаа хэлж байв.