Органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ
УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны хуралдаанаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам хуулийн төслийн танилцуулгыг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолд мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэр, хадгалалт, тээвэрлэлт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг мөрдүүлэх, хүнсний сүлжээний үе шат бүрд хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, түүнийг баталгаажуулах эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагын тоог нэмэгдүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангасан эсэхэд тавигдах дотоодын хяналтыг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож байгаа урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээнүүдийн хүрээнд Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэв.
Монгол Улсын хүн амын нас баралтад амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судасны тогтолцоо, хавдар болон хоол боловсруулах эрхтний өвчин зонхилж статистик мэдээгээр 2021 оны байдлаар 65 хувийг эзэлж байна. Хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ чанартай баталгаатай байна гэдэг нь биологи, хими, физикийн аливаа хорт бодисоор бохирдоогүй байх юм. Хүн зөв зохистой хооллох, хоол хүнсний чанар баталгаажилт, хаяг шошгоны талаарх мэдлэг мэдээллийг авах, органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нь чухал гэдгийг төсөл санаачлагч онцолсон.
Хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүгнэлтэд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, тэжээллэг, хүнд ээлтэй байгалийн гаралтай органик үйлдвэрлэлийг дэмжих, олон нийтэд сурталчлах, мэдлэгийг сайжруулах, органик брэнд бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чадвартай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эд боловсруулах, баталгаажуулах, хяналт тавих, бүртгэл мэдээллийн сан байгуулах тогтолцоо бүрдүүлэх нь хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжин зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, бүс, орон нутгийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, органик хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортод гарах боломж бүрдэх ажээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn