“Монгол Улсын иргэд БНХАУ руу суудлын машинтайгаа зорчих боломжийг бүрдүүлнэ”
2023.04.25

“Монгол Улсын иргэд БНХАУ руу суудлын машинтайгаа зорчих боломжийг бүрдүүлнэ”

Хилийн боомтууд нээлттэй болсноос хойш иргэд суудлын автомашинаараа БНХАУ руу зорчих хүсэлт их гаргаж байна. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас Монгол, Хятадын хооронд иргэд суудлын автомашинаар зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна гэж Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт мэдэгдэв.

Энэ хүрээнд хоёр талын холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, “Монгол, Хятадын хилийн авто замын боомтоор суудлын автомашиныг нэвтрүүлэх журам”-ын төслийг танилцуулсан. Журмын төслийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын талтай тохирохоор ажиллаж байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрт суудлын автомашинаар харилцан зорчих зохицуулалтыг тусгахыг хичээж буй юм. Энэ асуудал ажил хэрэг болбол Замын-Үүд, Булган, Бичигт зэрэг урд хөрштэй хиллэдэг боомтуудаар иргэд суудлын автомашинтайгаа чөлөөтэй нэвтрэх бололцоо бүрдэнэ.

Мөн Боомтын сэргэлтийн хүрээнд Байтаг боомтыг нээж, байнгын ажиллагаатай болгосноор баруун хилээр жилд 5 сая тн нүүрс экспортлох, БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж аймагтай иргэд ААН-ийн хамтын ажиллагаа өргөжиж эдийн засаг тэлэх нөхцөл бүрдэнэ гэж мэдэгдэв.