Уйгагүй, хөдөлмөрч улстөрч
2012.06.12

Уйгагүй, хөдөлмөрч улстөрч

-Хөрөг нийтлэл-

1. Оршлын оронд

Миний бие “Тоншуул” сэтгүүлийн парламентын сурвалжлагчаар цөөн жил ажилласан юм. Манай сэтгүүлийн бодлого гэх үү дээ. УИХ-ын гишүүдийг “наанаас нь биш цаанаас нь харж”, өнгөнөөс үзэж биш бодол руу “өнгийж” харж бичихийг зорьдог байлаа. Тийм учраас “протокол”-ны сурвалжлага бичдэг ганган ганган бүсгүй сурвалжлагчдыг дагаж навсаганах ямар ч шаардлага байсангүй.Энэ үед буюу 2004 онд УИХ-ын сонгууль болж хэсэг залуу улстөрч саарал ордны босгыг алхаж орж ирсний нэг нь Д.Ганхуяг юм.


Сэтгүүлч, сурвалжлагч бид мөн л дадсан зангаараа удаа дараа сонгогдсон хуучин хашруудаас илүү шинэ гишүүдийг сонирхож, хэн нь хэн болохыг ягуухан ойлгож, жаахан шог хошиндуухан ангиллыг тогтоож эхлэв.“Туйлж агсрагчид”, “Тунгааж бодогчид”, “Тухайлсан бодлогогүй алхагчид”, “Туйлбартай зогсогчид” гээд олон төрлөөр ангилж, дахин нягталж гишүүдийн хувь чанар хийгээд үзэл бодол руу “өнгийж” үзэн үйл хэрэг, үг хэлийг баталгаажуулан түмэнд хүргэхийг зорьж байсан хэрэг.Тэр үед сэтгүүлчдийн хувь чанарын гэж хэлж болох үнэлгээгээр Д.Ганхуяг гишүүн маань тунгааж бодож, туйлбартай байр суурь баримтлагчдын ангилалд ягуухан багтаж эхэлсэн юм.
Зарим залуу сэтгүүлч нар Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ (аварга), М.Зориг нар “хэлд орохгүй байна” гэж яаран үнэлж байсныг нуугаад яахав. Гэвч Д.Ганхуяг маань хууль тогтоох, санаачлах, асуулга тавих, хяналт шинжилгээ хийх зэрэг УИХ-ын дотоод үйл ажиллагааны дэг ёс хийгээд, улмаар улс эх орны тулгамдсан асуудлуудыг нарийвчлан судалж, түүнээс эн тэргүүнд анхааралдаа авах асуудлуудыг тогтоож, төрийн хүний алсыг харсан бодлого чиглэлийг барьж байсан нь удахгүй мэдрэгдсэн.Энэ ч чанараараа тэр суудал ахихыг бодогч биш суурьтай улс төрч болохоо, камерын урдуур гүйгч биш хамгийн нарийн нягтлан шинжигч гэдгээ харуулж, эх оронд ард түмний эрх ашгийг дээд зэргээр хамгаалахаар ирсэн түшээ юм гэсэн үнэлгээг авсан юм.
Ийм маягаар улс төрд орж ирсэн Д.Ганхуяг нь бүтэн 8 жил улс төрийн “тогоо”-нд чанагдаж, төр, түмний шалгуур даасан тулхтай парламентч болсон.Тэр Монголын төрд данстай, үүрэг роль ихтэй. Тэр уйгагүй хөдөлмөрч, өндөр боловсролтой, тууштай шударга, эх оронч гэдгээрээ олон түмэндээ танигдсан Монголын төрийн нөлөө бүхий гишүүн юм.


2. Тэр учрыг тунгаагч хүн юм


Д.Ганхуяг өнөөдөр “Монгол улс хөгжлийнхээ түүхэнд хамгийн томд тооцогдох хөгжлийн их давалгааны өмнө ирээд байна. Энэ давалгааг хэрхэн давж туулах нь хүн бүрийн хүчин чармайлт, улс төрчид, хууль тогтоогчдын эх оронч сэтгэлээс хамаарна” гэж үзэж байна.

Улмаар “Дотоодын олигархиуд, гадны болон үндэстэн дамнасан корпорациудын шахалтад автахгүй, эх орон, нийт иргэдийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж зоригтой ажиллах чухал. Үүнийг ашиг сонирхлын зөрчилгүй улс төрчид хийж чадна” гэж жинхэнэ ард олны хүсэн хүлээж байгаа байр сууринаас дүгнэлт хийлээ. Энэ бол ихийг тунгааж, холыг боддог хүний үг.Олон удаа эргэцүүлж, тунгааж боддог хүн хамгийн зөв шийдвэр гаргаж, хамгийн дөт замыг тогтоодог нь амьдралаар батлагдсан “үнэн” юм. Нэг жишээ хэлэхэд Д.Ганхуяг Оюутолгойн гэрээ байгуулахад УИХ-ын 57-р тогтоолыг чанд баримтлахыг Засгийн газраас байнга шаардаж байлаа.

Энэ тогтоолын шаардлагыг биелүүлээгүй учраас уул гэрээ нь “Улс орон, ард иргэдийн эрх ашгийн эсрэг үйлдэл болсон” гэж Д.Ганхуяг зоригтой хэлж байна. Уг нь Засгийн газар тунгааж боддог, ус хужрыг ялгадаг Д.Ганхуяг шиг хүмүүсийн үгийг сонсох байсан юм.Нэгэнтээ төрийн соёрхолт, зохиолч Балжирын Догмид “...намхан чийрэг биетэй, номхон ухаалаг нүдтэй энэ залуу аливаа үйлийг хийж гүйцэтгэхдээ тун нямбай, тийм болохоор гараас нь гарсан зүйл нь гарцаагүй чанартай, хэлсэн үг нь бодож тунгаахаас өөр аргагүй байдаг юм” гэж (2008 онд) онцлон дүгнэсэн нь Д.Ганхуягийн гол чанарыг нэвт шувт тодотгосон хэрэг.


3. Тэр туйлын ажил хэрэгч хүн


УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Манай Ганхуягт хүн болгонд заяагаад байдаггүй, хүн болгонд хэрэгтэй нэг төлөвшил байдаг. Тэр нь түүний ажил хэрэгч, уйгагүй хөдөлмөрч чанар юм” (2008 он “Мянган зууч” сонин) гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Ер нь УИХ-ын гишүүдийн дунд 3-5 хүний ажлыг төвөггүй, тэгэхдээ чанартай гүйцэтгэдэг цөөн гишүүний нэгийг Д.Ганхуяг гишүүн хэмээн үздэгийг сэтгүүлч бид мэднэ. Ганцхан жишээ татахад 2008-2012 онд тэр 35 хуулийг санаачилж, дахин боловсруулалт хийж батлууллаа.Хууль бол захын нэг гишүүний бариад хийчихдэг зохион бичлэг биш, жинхэнэ хүний чөмгийг дундруулж, ясыг таньдаг ажил.

Хууль боловсруулахад хууль хоорондын харилцан хамаарал, үйлчлэл, хэрэгжих боломж, гарах үр дүн, улс төр, эдийн засгийн ач холбогдол... гээд тоочвол судлах, тооцох ажил гэж тоймгүй. Тийм нүсэр 35 ажлын ард гарна гэдэг Д.Ганхуяг шиг ажил хэрэгч, зав зайгүй уншиж судалдаг, тунгааж боддог хүний гардаж амжуулах ажил төдийгүй үйл хэрэг юм.Ажил хэрэгч хүмүүс ихэвчлэн их уншиж, уншсанаа дэлгэрүүлэн сэтгэдэг. “Их уншдаг хүн илүү сэтгэдэг” гэсэн нэг үнэн үг бий.

Үнэхээр Д.Ганхуяг шиг их уншдаг гишүүн УИХ-д ховор гэхэд хилсдэхгүй. Нэгэнтээ УИХ-ын гишүүн Б.Батбаяр “Ном, Д.Ганхуяг хоёрыг салангид ойлгох ямар ч аргагүй” гэж дуу алдсан удаатай. Д.Ганхуяг гишүүн голдуу Япон ном унших бөгөөд “Би номыг хурдан уншиж, гүйцэд ойлгох чадварыг Киотод оюутан байхаасаа өөртөө суулгасан юм” гэж ярьдаг. Энэ нь түүний хөдөлмөрч хичээнгүй чанарын нэг талыг илтгэнэ. Дээр нь орчуулга хийнэ. Хүмүүстэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонсоно.Япон-Монголын парламент хоорондын харилцааны бичиг баримт боловсруулж, хурал зөвлөгөөн зохион байгуулна. Энэ мэтээр тоочвол түүний нуруундаа үүрсэн ачаа гэж тоймгүй. Д.Ганхуягийн энэ ажилч хичээнгүй хөдөлмөрч чанарыг журмын нөхөд нь илүү мэднэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Д.Ганхуяг нэг л зорьж зүтгэсэн бол заавал ард нь гардаг хүн. Малчин удмын суурь хүмүүжил дээр Японд эзэмшсэн боловсролынх нь нөлөө махруу, хичээнгүй чанар болж түүнд суусан” гэсэнтэй олон хүн санаа нийлнэ.


4. Тэр дээд зэргийн ардач хүн


Ард олныхоо зан заншил соёл уламжлалыг хүндэтгэдэг, жаргал зовлонг ойлгодог, өөрийгөө тэдний нэг эд эс хэмээн ухаарч ойлгож явдаг хүнийг л ардач хүн хэмээн ойлгодог нь жирийн бодомж. Ард түмэн тийм хүнийг маш амархан ойлгож үнэлж дүгнэдэг нь ерийн явдал.Ном хэвлэлийн хуудас эргүүлж суухад Д.Ганхуягийг хүмүүс “...их ноён нуруутай, элдэв шалдав зангүй, аливаа юманд их буурь суурьтай ханддаг, тулхтай хүн (Даян аварга Г.Өсөхбаяр) гэх буюу “Бодолдоо үнэнч, байр сууриндаа хатуу зогсдог. Хувийн эрх ашиг, албан тушаалын сэнтийн төлөө улайран зүтгэгч биш” (Ардын зураач П.Цогзол) хэмээн дуу дуугаа авалцан үнэлжээ.

Манай монголчууд магтаал үг хэлэхдээ харам хүмүүс. Гэтэл Д.Ганхуяг гишүүний хувь чанар хийгээд үг хэл, үйл хэрэгт дээрх үнэлгээнүүдийг өгч “Ихээхэн ирээдүйтэй хүн” гэж үнэлж байгаа нь сонгууль угтсан энэ өдрүүдэд улам тод, олон сонсогдож байна. Энэ нь Д.Ганхуяг гишүүн өнгөрсөн хугацаанд ард түмэндээ ойр байж тэдний эрх ашиг хийгээд бодол санааг хуулинд тусгаж, төр түмний үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирснийг гэрчлэх буюу.

Энэ нь нэгэнтээ Улсын прокурор Д.Дорлигжав “Ард түмний хүсэл зоригийг гүйцээхэд Д.Ганхуяг шиг гишүүд хэрэгтэй” гэж үнэлсэнтэй дүйж байна.Ард олон улс төр ихээхэн савалгаатай байгаа үед өөрсөндөө ойр байдаг, улс төрийн буурь суурьтай, хүний нуруу сайтай хүнээ нааш татаж төрийн үйл хэрэгт зүтгүүлэх хүсэлтэй байгаа нь нууц биш. Ийм ардач хүнлэг хүмүүсийн тоонд Д.Ганхуяг бүрэн дүүрэн багтаж байгаа нь сайшаалтай.

Түмэн олон итгэлээ өгсөн үед төрсөн биеийн ядралыг умартан зүтгэдэг сайн чанараа Д.Ганхуяг өнгөрсөн хугацаанд баталгаатай харуулсан байна.Тиймээс Баянзүрх, Налайх дүүргийн сонгогчдын дийлэнх түүнийг ардчиллын 22 жилд энэ тойргоос сонгогдсон түшээдээс хамгийн чанартай нь хэмээн дүгнэдэг. Бид “Төр түмэн нүдтэй” гэж ярьдаг. Тэр нь ч үнэн. Тиймээс тойргийн сонгогчид нь “Дээлийн шинэ нь нөхрийн хуучин нь” гэдгээр манай тойрогт энэ сонгуулиар олон нэр дэвшигч байгаа.

Гэхдээ бид уйгагүй, хөдөлмөрч, тууштай шударга Д.Ганхуяг гишүүнээ ямар ч байсан сонгоно” гэж ам уралдан ярьж байна.Тийм болохоор түүнийг “ирээдүйтэй хүн” гэхээс өөрөөр үнэлэх аргагүй.Тийм ээ. Даваажавын ГАНХУЯГ түмний итгэлийг дааж, төрийн үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж чадах ирээдүйтэй хүн. Өөр магтаал үг хэрэггүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.