Иргэдийн эрх ашгийг зөрчиж хотын төвд “Бетонон ширэнгэ” босгодог явдлыг хуулиар зохицуулсан
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хийж байгаа бодлогын ажлуудаа НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанд танилцууллаа.
Тэрээр барилгажилт, авлигажсан газар олголт, төлөвлөлтгүй хотжилтоос үүдсэн түгжрэлийн асуудалд бодлого төлөвлөлтөөр өөрчлөлт хийх ёстой гэж онцлоод хоёр чиглэлд анхаарч ажиллаж буйгаа танилцуулав.
Нэгдүгээрт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, хоёрдугаарт, төвлөрөл сааруулах, түгжрэл бууруулахын тулд холбогдох бодлогын уялдааг сайжруулах гэлээ.
Төр, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Засгийн газрын том зорилт нь 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бусад хуультай уялдуулж “амилуулах” байсан. Энэхүү зорилтын хүрээнд түүний бие хэд хэдэн хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг ахлаж, хууль батлуулах үйлсэд манлайлж оролцсон.
Эдгээрээс Нийслэл Улаанбаатар хотын асуудалд шууд хамаардаг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хууль батлагдсан юм.
Хуульд тусгасан онцгой ач холбогдолтой заалтаас эш татвал, орон нутгийн болон төрийн чиг үүргийг салгаж, зааглах, нутгийн удирдлагад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, орон нутгийн өмчийн асуудал болон орон нутагт олгосон санхүүгийн эрх мэдлийг хариуцлагынх нь хамт нэмэгдүүлж өгсөн.
Түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагын дуу хоолойг нэгтгэх, тогтвортой байдлыг хамгаалах механизмыг нэгжийн хуулинд суулгаж өгсөн. Энэ төлөөллийн байгууллагын хуулиар олгогдсон нөөц, боломжийг бүрэн дайчлан, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үйл хэрэгт НИТХ-ийн манлайлал, оролцоо өндөр байгааг ажлын хэсгийн ахлагчаар ажилласаны хувьд онцлон дүгнэж байна.
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл өөрийн байгаа өмчөө арвижуулах, түүндээ тулгуурлаж Засгийн газрын зөвшөөрөл, хяналт дор үнэт цаас, концесс хэрэгжүүлээд явах боломжийг хуулиар нээж өгсөн.
Мөн иргэдийн эрх ашгийг зөрчиж хотын төвд шигүү барилга барьдаг, “бетонон ширэнгэ” босгодог явдлыг тусгайлан зохицуулсан заалт оруулсан. Ингэснээр барилгын норм, дүрэм, хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд заасан хүн амын нягтралаас давсан газарт ногоон байгууламж, нийгмийн болон инженерийн шугам сүлжээ, нийтийн эзэмшилтэй холбоотой зориулалтын барилга, байгууламжаас бусад асуудлаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, зөвшөөрөл олгохгүй байхаар хуульчилсан хэмээв.