Эхний ээлжид автобусны 500 төгрөгийг нэмэхээс илүү орлого бүрдэлтэд тавих хяналтыг сайжруулна
2023.05.05

Эхний ээлжид автобусны 500 төгрөгийг нэмэхээс илүү орлого бүрдэлтэд тавих хяналтыг сайжруулна

Нийслэлийн нийтийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн 16 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж жил бүр 200 тэрбум төгрөгийн татаасыг улсаас авдаг. Улсаас авах, хүсэх татаасны хэмжээ жил ирэх тусам нэмэгддэг ч үйлчилгээ нь төдийлөн сайжрахгүй байна.

Тодруулбал, 2015 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 42.3, 2019 онд 34.8, 2020 онд 27.4, 2021 онд 26, 2022 онд 33 тэрбум төгрөг болж, 2015 оноос хойш 50 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэсэн хэдий ч нийслэлийн төсвөөс авч байгаа татаасны мөнгөн дүн нэмэгдсээр ирсэн. 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 53.7 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 106.6 тэрбум, 2022 оноос хойш 200 тэрбум төгрөг өгсөн байдаг.

Цаашид нийтийн тээврийн салбар санхүүгийн асуудлаа нийслэлээс татаас хэлбэрээр авч, шийдэх гэхээс илүү өөрсдөө орлого бүрдэлт болон бусад асуудалдаа менежмент хийх ёстой.