УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар иргэдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Г.Дамдинням, Б.Баттөмөр нар энэ сарын 10, 11-ний өдрүүдэд тойрогтоо ажиллалаа.
Тэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар иргэдтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумын иргэдтэй хоёр өдрийн хугацаанд цагийн хуваарийн дагуу уулзалт зохион байгуулж, санал шүүмжлэлийг сонслоо.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх хуулийн төслийг танилцуулж, энэхүү өөрчлөлтийг оруулснаар гарах давуу болон сул тал, бусад хөгжингүй оронд хийсэн судалгаа туршлагыг иргэдэд танилцуулав.
Төсөлд пропорциональ тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоо, пропорциональ, мажоритар мандатын харьцаа гэсэн гурван асуудлыг тусгасан бөгөөд иргэд уг хуулийн төсөлд өөрсдийн үзэл бодол, байр суурийг илэрхийлэхээс гадна орон нутагтаа тулгамдаж буй асуудлуудын талаар санал хэлж хариулт авлаа.
Түүнчлэн Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал нь гэнэт хөндөгдсөн зүйл биш өмнө нь 2008-2012 онд УИХ-ын гишүүн С.Батболд 108 гишүүн бүхий Төлөөлөгчдийн танхим, 51 гишүүн бүхий үндэсний зөвлөл гэсэн 2 танхимтай байх санал, 2012-2016 онд УИХ-гишүүн Н.Батбаяр 99 гишүүнтэй болгох санал, 2016-2020 онуудад Ерөнхийлөгч асан Х.Баттулга 108 гишүүнээр 54 мажоритар, 54 пропорциональ аргаар сонгох зэрэг хуулийн төслийг өргөн мэдүүлж байсан ч дэмжигдээгүй талаар дурдав.
Харин энэ удаагийн санал 152 гишүүн бүхий 76 пропорциональ, 76 мажоритар байх юм. Энэ тоо дэмжигдвэл нэг нам давамгайлсан намын тогтолцоог задалж нийгмийн олон бүлгийн төлөөлөл парламентад сонгогдоно хэмээн үзэж байгаа аж.
Харин иргэдийн тухайд гишүүдийн тоог нэмэх, нэмэхгүй гэдэгт санал зөрөлдөж байлаа. Хэдийгээр 152 батлагдсан тоо биш ч 76-гаас дээш хэдэн ч гишүүнтэй болсон төсөв нэмэгдэнэ гэдгийг санах хэрэгтэйг онцлов.
Мөн иргэдийн амьдрал уруудаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл өдрөөс өдөрт нэмэгдэж буй байдалд хяналт тавих, ажилгүйдэл нэмэгдсэн, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж, улс орноо хөгжүүлэх гарц гаргалгааг иргэдтэй ярилцахыг хүслээ.