Аяллын талаар цогц мэдээлэл өгөх “Улаанбаатар травэл экспо-2023” эхэллээ
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд ес дэх жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон гадаад, дотоодын аялал жуулчлалын тур оператор компани зэрэг нийт 180 орчим байгууллага, аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тодруулбал, Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо буюу Монгол, ОХУ, БНХАУ-ын төлөөллүүд, БНСУ-ын аяллын компаниуд оролцож байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө оролцсон юм. Тэрбээр “Ковидын үед улс орон бүр дотоод аялал жуулчлал руугаа анхаарсан. Төрийн зүгээс хувийн хэвшлүүдээ бодлогоор дэмжих хэрэгтэй. Саяхан Аялал жуулчлалын тухай хуулийг УИХ баталсан бөгөөд хувийн хэвшлүүдэд давуу тал олгосон, ээлтэй заалтуудыг оруулж өгсөн. Тиймээс дотоодын аялал жуулчлалаа сайн дэмжиж, гадагшаа урсах валютыг дотооддоо үлдээхэд анхаарах хэрэгтэй. Одоо үед аяллыг сайтар төлөвлөх шаардлагатай болсон. Төлөвлөөгүй аялал бол хамгийн эрсдэлтэй, сэтгэл ханамж багатай байдаг. Тиймээс уг үзэсгэлэнд хүрэлцэн ирж, мэргэжлийн аялал жуулчлалын компаниудаас зөвлөгөө аван, аяллын захиалгаа өгөх боломжтой” хэмээсэн юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх:
-“Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг жил бүр тогтмол зохион байгуулдаг бөгөөд цар тахлын үед ч цахим хэлбэрээр зохион байгуулсан. Энэ удаад Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүд оролцож байгаагаараа онцлог. Тухайлбал, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын танхим, Манжуур хот, Эрээн хот, ОХУ-ын Буриад улсын төлөөллүүд оролцож байгаа. Мөн “KTO” буюу БНСУ-ын аялал жуулчлалын компани, дотоодын аж ахуйн нэгжүүд гэхчлэн дөрвөн улсын төлөөлөл оролцож байна. Уг үзэсгэлэнгээр аялал жуулчлалын дагалдах хэрэгсэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан, олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үзэсгэлэн тавдугаар сарын 19-21-нд “Мишээл экспо” төвд 10:00-18:00 цагийн хооронд үргэлжлэх тул дотоод, гадаадад хийх аяллынхаа зөвлөгөө, мэдээллийг авч, аяллаа төлөвлөөрэй хэмээв.
“Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны менежер Н.Ариунсанаа:
-“Улаанбаатар травэл экспо”-д зохион байгуулж эхэлсэн цагаас нь хойш тасралтгүй оролцож байна. Дэлхийд ховорхон байдаг хоёр бөхтэй тэмээ хамгийн олон тоогоор Өмнөговь аймагт бий. Тиймээс Өмнөговьд 200 хүний тэмээн аялал хийхээр төлөвлөсөн. Мөн Өмнөговь аймгийн Хонгорын элсэнд наймдугаар сарын 19-21-нд “Алтан элс” элсэн манхны аяллыг зохион байгуулна. Тиймээс та бүхэн Өмнөговь аймагт аялангаа элсэн манхны баярыг үзэж, спортын арга хэмжээнд оролцох боломжтой. Мөн Монголд зочлох жилийн хүрээнд “Нээлттэй Өмнөговь” аяныг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд жуулчдыг татах зорилгоор олон төрлийн арга хэмжээг жилийн дөрвөн улиралд тохируулан зохион байгуулна. Уг үзэсгэлэн нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, хөрш орны хамтын ажиллагааг өргөжүүлэн, дотоодын аялагчдыг татах боломжийг бүрдүүлдэг чухал ач холбогдолтой гэв.
"Терра тур" компанийн аяллын хөтөч, дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Б.Болд-Эрдэнэ:
-“Улаанбаатар травэл экспо”-д анх удаа оролцож байна. Бид аялагчдад явган, морин, дугуйн болон каяактай аяллыг санал болгож байгаа. Дугуйн, морин, каяактай аяллаа хүн бүрд зориулан анхан, дунд, гүнзгий шатны маршрутын сонголттойгоор төлөвлөсөн. Мөн байгууллага, хамт олны аялал зохион байгуулах боломжтой. Монголын нөхцөлд дугуйгаар аялахад маш сонирхолтой. Бидний танилцуулж буй аяллуудад хамрагдсанаар үзэсгэлэнтэй, онгон зэрлэг байгалиар аялах боломжтой хэмээн өгүүллээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Олон улсын аялал жуулчлалын компанийн орлогч захирал Сүн Хау:
-Манайх Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг, олон улсын аялал жуулчлалын компани бөгөөд 1958 онд байгуулагдсан. Бид сүүлийн 30 жил монгол аялагчдыг хүлээн авч байгаагаас гадна монгол оронд ч жуулчдыг аялуулдаг. Мөн Улаанбаатар хотод олон компанитай хамтран ажилладаг. Ийм олон улсын үзэсгэлэнд оролцсоноор аялал жуулчлалын компаниудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх боломж бүрддэг.
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Жуулчны мэдээллийн төвийн захирал Ирина Петровна Суздальцева:
-Олон улсын үзэсгэлэн гэдэг утгаараа маш их боломж бүрдүүлдэг. Шинэ түншүүдтэй танилцан, илүү олон төрлийн аяллын маршрутыг бий болгож байгаагаараа давуу талтай. Өнөөдрийн үзэсгэлэнд аяллын компанийн маршрутаасаа гадна Буриадад үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байна. Цаашид хоёр талын жуулчлалын тоог нэмэх тал дээр анхаарч байгаа хэмээн ярив.
Гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр дотоодын аялагч нарт зориулсан аймаг, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газруудын танилцуулга, амралт, рашаан сувиллын газруудын үнэ, байршил, хуваарь, үйлчилгээний талаарх мэдээллийг авах боломжтой.
Түүнчлэн Элчин сайдын яамд, соёлын төвүүд, аялал жуулчлалын газрууд улсынхаа соёл урлаг, аялал жуулчлалыг сурталчлах юм. Энэ үеэр хилийн чанадад аялах хөтөлбөр, аяллын зөвлөгөө, мэдээлэл авч болно. Мөн дотоодын аялагчдад зориулсан аяллын даатгал, түрээс, зуучлал, тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл авч, хэрхэн аяллын бэлтгэлээ ханган, байгальд ээлтэй аялах талаар санаа авах боломжтой.