Уул уурхайн салбарт хүний эрхийг хангаж, хамгаалах асуудлаар УУХҮЯ-тай санал солилцов
2023.05.22

Уул уурхайн салбарт хүний эрхийг хангаж, хамгаалах асуудлаар УУХҮЯ-тай санал солилцов

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Г.Нарантуяа, Д.Сүнжид нар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн болон холбогдох албаны удирдлагуудтай уул уурхайн салбар дахь хүний эрхийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар уул уурхайн бүс нутаг дахь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өмчлөх эрх, нөхөн олговор, нүүлгэн шилжүүлэлт, химийн бодис болон аюултай хог хаягдлыг устгах аргачлал, бичил уурхай эрхлэлтийн өнөөгийн байдал болон тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ААН-ийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт цаашлаад салбарын хэмжээнд тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар харилцаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн яамны зүгээс Комисстой бүх талаар хамтран ажиллахад нээлтэй байгаагаа илэрхийлээд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Комиссоос хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр санал өгөх, хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар тусгахыг хүслээ.