“Соёлын сэргэлт-2023” аян нийслэлд эхэллээ
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэгтэй, уламжлал, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлсэн, эерэг хандлагатай, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2023” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж буй. Уг аяны нээлт нийслэлд Баянзүрх дүүрэгт боллоо.
Аяны нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Соёл, урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар оролцсон юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө:
-Иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт 2023” аяныг өрнүүлж буй. Энэхүү аяны хүрээнд нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулах эхний арга хэмжээ өнөөдөр болж байна. Нийслэлийн дүүргүүдэд болох эдгээр үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, дүүргүүдийн ЗДТГ, соёлын ордон хамтран зохион байгуулах юм хэмээлээ.
“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.
Тухайлбал, иргэдэд зориулсан соён гэгээрлийн лекц, илтгэл, соёлын ажилтнуудыг чадавхжуулах сургалт, Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн, “Соёмбо” чуулгын тоглолт зэрэг соёл, урлагийн олон талт арга хэмжээнүүд болно.