Монгол ур чадвар 2023 тэмцээний нэгдүгээр шат өндөрлөлөө
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшнийг олон улсын жишигт хүргэх нь энэ тэмцээний зорилго байдаг.
Мөн 2024 онд БНФУ-н Леон хотод болох “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд оролцох үндэсний ялагчийг “Монгол ур чадвар 2023” тэмцээнээс шалгаруулна.
Монгол ур чадварын тэмцээний эхний шат 5 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Мужаан, Өрөг угсрагч, Сантехникч, Тогооч, Цахилгаанчин, Гагнуур, CNC Токарь, График дизайн мэргэжлүүдээр зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнийг БШУЯ, “Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл” ТББ, GIZ-“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл хамтран зохион байгууллаа. Мөн холбогдох сургуулиуд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд хамтран оролцож байна.
Монгол ур чадвар 2023 тэмцээний 1-р шатанд 138 суралцагч, 103 багш өрсөлдсөн. Тэднээс дараагийн шатанд 17 МБСБ-ын 41 суралцагчид шалгарлаа. Тэмцээн нийт 3 шаттайгаар зохион байгуулагдана. 2-р шат 2023 оны 10 сарын 12-13нд, 3-р шат 12 сард болно.