БСШУБХ  Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2023.05.04

БСШУБХ Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын Үндсэн хуульд хүний суурь эрхийн нэг нь боловсрол эзэмших, суралцах эрх гэж заасан байдаг. Энэ эрхийг хангах, иргэн бүрд чанартай, тэгш боломж бүхий боловсролын үйлчилгээ үзүүлэх нь төрийн үүрэг юм.

Энэ үүргийг хэрэгжүүлэх зохицуулалтыг боловсролын хуулиар тодорхойлно. Ажлын хэсэг 58, дэд ажлын хэсэг нийт 31 удаа хуралдаж хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Өнөөг хүртэл хэрэгжиж ирсэн Боловсролын тухай хууль нь 2002 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан. Өнөөдрийг хүртэл нийтдээ 31 удаа өөрчлөлт орсон байдаг. Боловсролын хуулийг дагалдан Дээд боловсролын тухай хуульд 11 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд 14 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 6 удаа, мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан юм.

Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар боловсролын бүх түвшний хуулиудыг багцаар нь оруулж ирж, уялдаа холбоог хангаж байгаа гэдгээрээ давуу талтай.

Энэ удаагийн багц хуулийн шинэчлэлээр боловсролын байгууллагуудын чанарын ялгааг арилгах гол зорилго тавьж байна. Хүүхэд бүр гэрт хамгийн ойр сургууль, цэцэрлэгээс чанартай боловсролын үйлчилгээ авах бүх боломжийг бүрдүүлнэ. Ингэхийн тулд хөтөлбөрийн шинэчлэл, санхүүжилтийн тогтолцоо, үнэлгээний тогтолцоо, багшийг тасралтгүй хөгжүүлэх, засаглалын ончтой шийдэл, цахим шилжилт гэсэн асуудлуудыг иж бүрэн шинэчилж байгаа юм.