Улсын хөгжлийг нэгдмэл байдлаар урт хугацаанд төлөвлөх хэрэгтэй гэв
2023.06.09

Улсын хөгжлийг нэгдмэл байдлаар урт хугацаанд төлөвлөх хэрэгтэй гэв

"Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтад Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хорооны удирдлагууд оролцон өндөрлөлөө.

Энэхүү зөвлөлдөх уулзалт “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга”, “Эдийн засаг”, “Засаглал”, “Ногоон хөгжил”, “Амар тайван, аюулгүй нийгэм”, “Бүс, орон нутгийн хөгжил”, “Улаанбаатар ба дагуул хот”гэсэн есөн салбар хорооны хурлаар үргэлжилж, тус бүрдээ санал, дүгнэлт гаргасан юм.

Ингэхдээ улсын хөгжлийг нэгдмэл байдлаар  урт хугацаанд төлөвлөх, хүрэх үр дүн рүү Засгийн газрын бүх шатны байгууллагын үйл ажиллагаа чиглэх хэрэгтэй. Мөн байгууллагын, нэгжийн болон төрийн албан хаагчдын өдөр тутмын ажлын бүтээмжийг дээшлүүлэх замаар зорилтуудын биелэлтийг хангах шаардлагатай гэж үзсэн байна.

Цаашид Монгол Улс “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн боловсруулалтын түвшнийг ахиулж холбогдох төслүүдийг хэрэгжүүлж, экспортын орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. 
Түүнчлэн эдийн засгийн төрөлжилтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгосноор хөгжлийн бодлогын зорилго хангагдана гэж салбар хорооныхон дүгнэжээ.

Харин “Засаглал”-ын салбар хорооныхон төрийн албан хаагчдыг ухаалаг засаглалын тухай нэгдсэн ойлголттой болгож, бодлогын хэрэгжилтийг бүх түвшинд хэрэгжүүлэх, төрийн болон төрийн өмчит байгууллагуудад процессын дахин инженерчлэл хийх замаар бүтээмж, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Засаглалын хүрээнд иргэн–төр–хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, Засгийн газраас төрийн бодлогын хэрэгжилтэд анхан шатны нэгжийн удирдлага, манлайлал, оролцоог нэмэгдүүлэх нь чухлыг тэмдэглэлээ.