Нийслэл дэх жендэрийн салбар хороо хуралдлаа
Нийслэл дэх жендэрийн салбар хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга З.Төмөртөмөө удирдан явуулсан бөгөөд төлөвлөгөөний төслийг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай танилцуулав. Хурлаар жендертэй холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцсэн юм.
Нийслэл дэх жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр 2023 онд зургаан зорилтын хүрээнд 21 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн 2021-2024 оны стратеги төлөвлөгөө, Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд жендэрийн үзэл баримтлалыг тусган хэрэгжүүлж байна.
Мөн Нийслэл дэх жендэрийн салбар хорооноос нийслэл, дүүрэг, нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдыг чадавхжуулах сургалтуудыг 53 удаа зохион байгуулж, 400 гаруй албан хаагчийг сургалтад хамруулсан. Түүнчлэн Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулсан аяныг нийслэлийн хэмжээнд удирдан зохион байгуулж ажиллалаа.
Ташрамд, ажлын байрны сул орон тооны зар мэдээнд хүйсийг онцлон дурдахгүй, аль нэг хүйсийг давуу гэж үзсэн агуулгыг тусгалгүйгээр зарлаж байгаа нь жендэрийн эрх тэгш байдлыг хангаж буйн нэг илрэл юм.