Н.Энхболд: Нэр дэвшигч дунджаар 300-700 сая төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарсан
2023.06.19

Н.Энхболд: Нэр дэвшигч дунджаар 300-700 сая төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарсан

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой ярилцлаа.

–Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталлаа. Та хууль боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Энэ удаагийн Сонгуулийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга, үзэл санааг юу гэж харж байна вэ?

-Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гол шалтгаан бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоог өөрчилж холимог тогтолцоогоор явуулахаар болсон. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн. Тийм учраас энэ өөрчлөлттэй уялдуулан гурван төрлийн өөрчлөлт оруулсан.

Нэгдүгээрт, Үндсэн хуульд албан ёсоор тусгасны дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор сонгууль явуулахтай холбоотой заалтууд оруулсан. Хоёрдугаарт, УИХ-ын 76 гишүүний тоог 126 болгосонтой холбоотой өөрчлөлт орсон. Гуравдугаарт, нэг хүйсийн төлөөлөх квотын тоог нэмэгдүүлсэн зэрэг чухал чухал өөрчлөлтийг тус хуульд оруулж, батлуулж чадлаа.

-Нэг хүйсийн төсөөллийн квот дээр олон хувилбар, тоо яригдлаа. Өмнө нь 20 хувь байсан заалтыг энэ удаа 30 хувь хүргэж баталлаа. Гэсэн хэдий ч 40 хувь хүргэх боломжтой байсан гэж шүүмжлэх хүмүүс ч байна. Эцэст нь шинэчлэлээсээ ухарлаа ч гэж шүүмжилж байна?

-Шинэчлэлээсээ ухарсан гэж ерөөсөө ч бодохгүй байна. Харин ч өмнөхтэйгөө харьцуулахад нэг хүйсийн төлөөллийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх хууль гарлаа. Учир нь өмнө нь нэг хүйсийн төлөөлөл 20 хувь байсан. Энд дахин сануулахад АН болон МАН-аас өргөн барьсан хоёр хуулийн төсөл байсан. Хоёр хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаан дээр ярилцаад нэгтгээд явах нь зүйтэй гэж үзсэн. Хууль санаачлагч хоёр тал өөрсдөө зөвшөөрсөн тохиолдолд хамтатгаад хэлэлцэж болдог. Ингээд МАН-ын санаачилсан хуулийн төслийг гол суурь болгоод АН-ын гишүүдийн өргөн барьсан саналыг тусгаад дундын хувилбар буюу нэгтгэсэн Сонгуулийн хуулийн төсөл гаргаад хэлэлцүүлсэн. Нэг хүйсийн төлөөлөл МАН-аас өргөн барьсан хуулийн төсөл дээр 30 хувь байхаар заасан бол АН-ын тухайд 40 хувь байхаар тусгасан.

Ингээд удаа дараа ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 30 хувь хүртэл, 2028 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 40 хувь хүртэл нэг хүйсийн төлөөлөл нэр дэвшсэн байхаар батлагдлаа. Энэ бол том дэвшил.

Янз бүрийн байр суурьтай хүн байгаа л байх. Гэхдээ бодит байдлаар харвал өмнөх тооноос хоёр дахин нэмэгдсэн, шат дараатай өсөж байна. Түүнчлэн жагсаалтаар орох хүмүүс 50:50 байхаар сөөлжүүлж жагсаана гэдэг бол нэг хүйсийн төлөөлөлд маш том боломж өгч байгаа асуудал.

–Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хууль хэр хугацаанд тогтвортой байх нь анхаарлын төвд байна л даа. Учир нь УИХ-ын ээлжит сонгууль бүрийн өмнө уг хуульд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулдаг нь “бичигдээгүй хууль”-тай болчихлоо. Магадгүй 2028 оны өмнө нэг хүйсийн төлөөлөл 40 хувь байх заалтыг өөрчлөхгүй гэх баталгаа бий юү?

–Энэ асуудал олон хүний анхаарч, болгоомжилж байгаа асуудлын нэг. Гэхдээ дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдөр квотын асуудалд хандаж байгаа хандлага их өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл, нэг хүйсийн төлөөлөл 50:50 байх, дор хаяж 40 хувь байх ёстой гэдэг асуудалд олон иргэн, байгууллага нэгдэж, дуу хоолойгоо хүргэж байна. Олон улсын туршлага, цаашид улс орныхоо тогтвортой хөгжлийг бодсон ч 40 хувиас бууруулах нөхцөл боломж цаашид гарахгүй байх гэж харж байна.

Таны хэлснээр дараагийн парламентын гишүүдэд квотын хэмжээг нэмж, хасч өөрчлөх боломж нь техникийн хувьд бий. Гэхдээ нийгмийн уур амьсгал, хөгжлийнхөө үйл явц шаардлагыг аваад үзэхээр 40 хувиас бууруулах зүрхтэй гишүүд УИХ-д бүрдэхгүй болов уу гэж бодож байна. Түүнд л найдаж байна.

-Сонгогчдын нэрсийн жагсаалт болон бүртгэлтэй холбоотой өөрчлөгдсөн зүйл бий юү?

-Үүн дээр нэг зүйлийг тайлбарлах хэрэгтэй байгаа юм. Өмнө нь нэг хаяг дээр олон хүн бүртгэдэг, сонгуулийн өмнө олон тооны “царцаа” нүүлгэдэг гэх мэт олон асуудал гарч байсан. Үүний гол шалтгаан нь сонгогчдын нэрсийн жагсаалтыг тусад нь гаргадаг байсан. Харин сүүлийн хоёр удаагийн сонгуулиар иргэний бүртгэл дээр суурилж сонгогчдын нэрсийн жагсаалт гаргадаг. Мөн тухайн хүний дахин давтагдашгүй биеийн өгөгдөхүүнийг ашигладаг болсноор олон тоогоор нааш цаашаа хөдөлж, царцаа нүүлгэх боломж байхгүй.

Яг санал хураах өдөр ямар нэгэн шалтгаанаар сонгогчид тухайн амьдардаг газраа байхгүй байх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.

Гэхдээ энэ тоо үзүүлэлт тийм ч өндөр хувь эзэлдэггүй. Тийм учраас санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнүүдийг жагсаана. Санал авснаас нэг хоногийн дараагаас шилжилт хөдөлгөөнийг сэргээгээд явна. Иргэд төрийн эрх барих дээд байгууллагад төлөөллөө сонгох сонгуульд ач холбогдол өгч ажил, амьдралаа зохицуулах тал дээр анхаарах ёстой.

-Сонгуулийн зардлыг бууруулах тал дээр ахиц гарсан хууль хэмээн тодотгож байна. Зардлыг бодитоор хэд хүртэл бууруулах тооцоо гарсан бол?

-Сонгуулийн зардлыг бодитой бууруулах тал дээр нэлээд заалт орж ирсэн. Сонгуулийн зардалд жин дардаг зардал бол ухуулагчдын цалин хөлс байдаг. Тиймээс ухуулагчдын тоо, цалин хөлс дээр тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн. Ухуулагчид өөрсдийн сайн дураараа ажиллах ёстой учраас Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээний цалин урамшуулал олгохоор заасан. Мөн танилцуулах материал, унаа машины зардлыг бууруулж байгаа. Урьдчилсан тооцоогоор сонгуулийн зардлыг 40-50 хувиар бууруулах тооцоо гарсан. Холимог тогтолцоо өөрөө сонгуулийн зардлыг бууруулах бас нэг хүчин зүйл болж байгаа. Учир нь нэр дэвшигч бүр тойрогт зарцуулдаг мөнгийг гаргахгүй. Нэгдсэн журмаар намууд нь сурталчилгааг нь хийнэ. Мөн хэвлэмэл материалыг нэгдсэн журмаар гаргана.

Нэмж хэлэхэд, зарим намууд өмнөх сонгуулиар нэр дэвшүүлэхийн тулд хандив, хөрөнгө мөнгө авдаг байсан.

Зарим нам 100 сая төгрөгийн дэнчин авч байсныг санаж байгаа байх. Одоо гишүүд дэмжигчдээсээ нэр дэвшихийн тулд, нэр дэвшүүлэхийн тулд мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр элдэв хандив, өргөн барьц, дэнчин тавихыг хуулиар хориглочихсон.

-Сонгуульд оролцохын тулд нэр дэвшигчээс тодорхой хэмжээний зардал гаргана. Тэгэхээр энэ зардлын санхүүжилтийг хаанаас гаргана гэж тооцож байна вэ?

-Байгууллага болон хувь хүнээс нэр дэвшигчдэд өгч болох хандивын хэмжээг хуульд зааж өгсөн. Түүнээс гадна аудитын газраас тооцоо гаргаж санал болгосны үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооноос нэг тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээг гаргана. Цөөн хүн амтай тойрог бол арай бага зарцуулна.

Урьдчилсан байдлаар нэр дэвшигч тойрогт дунджаар 300-700 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан. Тиймээс энэ тогтоосон хэмжээнээс хэтрэхгүйгээр зардал гаргах ёстой.

Намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүс нийт тойргуудын зардлын дунджаас хэтрэхгүй хэмжээний хандив намдаа өгч нам нь тэр мөнгөөр мөрийн хөтөлбөрөө сурталчлах, жагсаалтад байгаа хүмүүсээ сурталчлах үүрэг хүлээнэ.

-Энэ удаа гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг санал өгөх боломжийг бий болгосон. Энэ үйл явцыг хэрхэн хуульчилсан бэ?

–Сонгуулиа нэгэнт холимог тогтолцоогоор явуулахаар болсон учраас намын бодлогод жагсаалтад нэр дэвшигчдэд биш тухайн намд нь санал өгөх боломж гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчуудын өмнө нээгдэж байна. Дипломат төлөөлөгчийн газрууд дээр хариуцсан хариуцсан хүмүүс ажиллаж дөрөв хоногийн турш иргэд саналаа өгнө. Ингээд саналаа битүүмжилж ирүүлээд Монголд тоолно. Ойролцоогоор 150-200 орчим мянган иргэн гадаадад амьдардаг гэсэн тооцоо бий. Үүнээс сонгуулийн насны иргэдийн тооцоо судалгаа дахин гарна.

Дипломат төлөөлөгчийн газар байгаа л бол тэндээ бүртгүүлээд, саналаа өгөх боломж гарч байна. Гадаадад байгаа монголчууд энэ боломжийг олон жил хүлээсэн.

Энэ удаа Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоогоо оруулж өгсөн болохоор цаашид гадаадад байгаа иргэд саналаа өгөх боломжтой болно гэсэн үг.

-УИХ 76 тойрогтой. Шинэ зохицуулалтаар тойргоос 78 гишүүнийг сонгоно. Хоёр тойрог дээр ямар зохицуулалт хийх вэ?

-Энэ асуудлыг одоогоор эцэслэж шийдээгүй байна. Ирэх оны хоёрдугаар сар гэхэд УИХ-аас тойргуудын мандатыг хуваарилсан байх ёстой. Мандатыг хуваарилахдаа тойргуудыг жижигсгэж оруулах уу, томсгосон маягаар байх уу гэдгээс шалтгаалаад улсын хэмжээний тойргийн тоо гарна.

-Сонгуулийн хуулийн төслийн дараагийн нэг чухал асуудал нь босго хувь. МАН-аас өргөн барьсан хуулийн төсөл дээр гурван хувь байхаар тусгасан. Харин АН таван хувь гэдэг санал гаргасан байна. Ер нь хувь бага байх тусам жижиг намуудад боломж гарна гэсэн үг. Тийм үү?

-Ажлын хэсэг дээр хоёр талын саналыг дундажлаад босго оноог дөрвөн хувь байхаар хуулийн төсөлд оруулсан. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын дөрвөөс доошгүй хувийн санал авсан нам парламентад нэг суудалтай болно гэсэн байдлаар хуваарилагдана. Энэхүү босго хувийг тогтоохдоо бид олон улсын жишгийг харж үзсэн. Сайн, муу талууд бий. Одоогийн байдлаар Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 36 нам байна гэсэн мэдээлэлтэй байна. Тэд бүгд сонгуульд оролцох байх. Гэхдээ сонгогчид маань найман удаагийн УИХ-ын сонгуульд оролцсон нэлээд хэрсүү болсон.

Тэдгээр намыг нийгэмд эзлэх байр суурь, бодлогыг нь харж дугуйлж таарна. Ерөнхийдөө улс орны хэмжээнд дэвшүүлж байгаа бодлого нь юу вэ. Тэр нь надад, миний хүүхдэд, ирээдүйд ямар хэрэгтэй юм гэдэг талаас нь харж сонголтоо хийнэ.

Нөгөө талаас улс төрийн намуудын улс төрийн мэдлэг боловсрол, үзэл санааны төлөвшил энэ бодлого дээр алхам алхмаар бүрдэж байна гэж ойлгож байна. Дөрөв гэсэн босго ер нь их боломжийн хэмжээнд байх болов уу. Хоёр сая гаруй сонгогч байна. Түүний дөрвөн хувь гэхээр дор хаяж 80-90 мянган хүний санал авч байж УИХ-д суудалтай болно гэсэн үг.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил