Х.Булгантуяа: Жил бүр инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмээд байвал зөрүү гэдэг асуудал үүсэхгүй
2023.06.19

Х.Булгантуяа: Жил бүр инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмээд байвал зөрүү гэдэг асуудал үүсэхгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2023.06.19/ боллоо. Хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Уг хуулийн төсөлд жил бүр итгэлцүүрийг батлах, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмэх заалтыг тусгасан. Жил бүр инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмээд байвал зөрүү гэдэг асуудал үүсэхгүй болно. Засгийн газар итгэлцүүрийг батална. Түүнчлэн жил бүр УИХ төсөв батлахдаа тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмнэ. 

Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгох хуулийн төсөл боловсруулж байна. Тэтгэврийн шимтгэл, Монгол Улсын баялгийн хуваарилалтаас хуримтлал үүсгэж, иргэд үүнийгээ ипотекийн зээл гэх мэт чухал шаардлагатай зүйлдээ зарцуулах боломж бүрдэх юм.

Мөнгөжүүлсэн нэрийн дансны орлогынхоо тодорхой хувийг өвлүүлэх хууль эрх зүйн орчин Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг батлахад бүрдэнэ. Даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бүрдүүлж байгаа. Санхүүгийн зах зээлд орж ажиллах боломжийг нээж өгч байна.

Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төсөл батлагдаж байж, 2024 оны төсөвт эдгээр зохицуулалтууд орох юм" хэмээв.

УИХ дахь МАН-ын бүлгийн мэдээлэл: