Анх удаа мэргэжлийн боловсрол, сургалтын багш нарыг магистрын түвшинд бэлтгэв
“Багш - Мэргэжлийн боловсрол, сургалт” магистрын хөтөлбөрийн анхны төгсөгчдийн эрдмийн баяр боллоо. Энэ магистрын хөтөлбөр нь Монгол улсад анх удаа ахисан түвшинд Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш, судлаачдыг бэлтгэж буйгаараа онцлогтой. Анхны хөтөлбөрөөр 14 багшийг төгсгөж байна.
2021 оноос Техник Технологийн Дээд сургууль дээр хэрэгжүүлсэн “Багш - МБС” магистрын хөтөлбөрийг ЮНЕСКО – ЮНЕВОК-ийн Мэргэжлийн боловсрол сургалтын багш, мэргэжилтэн бэлтгэх стандарт хүрээг үндэслэн Монголын нөхцөлд тохируулан боловсруулсан.
Хөтөлбөрийг боловсруулах болон багшлах баг бүрэлдэхүүнд Монголын шилдэг их дээд сургуулийн багш нар багтсан. Уг хөтөлбөрийн хүрээнд оюутнууд боловсрол судлалаас гадна мэргэжлийн боловсрол судлал, мэргэжлийн дидактик, цахим сургалтын арга зүй зэрэг онцлог хичээлүүдийг судалсан юм.
МБС-ын байгууллагад ажиллаж буй багш нараас гадна үйлдвэр, аж ахуйн нэгжийн инженер, ажилтнууд элсэн суралцсан энэхүү 1.5 жилийн хугацаатай магистрын сургалтын үеэр оюутнууд багшлах болон үйлдвэрлэлийн дадлагыг хийж, мөн мэргэжлийн боловсролтой холбоотой сэдвүүдээр судалгааны ажил гүйцэтгэж хамгааллаа.
Монгол улсад чадварлаг мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж буй энэ үед ахисан түвшинд мэргэшсэн МБС-ын багш, судлаач, мэргэжилтнүүдийн эрэлт ихэссээр байна. Цаашид энэхүү хөтөлбөрөөр МБС-ын салбарт хэрэгцээтэй багш, судлаач нарыг тогтвортой бэлтгэн гаргахад БШУЯ бодлогоор дэмжин ажиллана.