2023.06.29

Д.Өнөрболор: НДШ-ийн тогтолцооны менежмент, удирдлага зохион байгуулалтыг хуульд тодорхой зааж өгөх нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Компанийн статустай, тусгай зөвшөөрөлтэй хөрөнгийн зах зээл дээр оролцогч сангийн хууль орж ирж байгаа. Энэ хуулийг хэзээнээс мөрдөж эхлэх вэ? Гараагаа зөв эхлэхгүй бол болохгүй. Одоогийн нийгмийн даатгалын сангийн явуулж ирсэн үйл ажиллагаа үндсэндээ төсөв, санхүүгийн алдагдалтай сөрөг нөлөөлөлтэй явж ирсэн.

Төсөвт ирэх нэг жилийн ачаалал гэхэд 1 их наяд төгрөг. Хуримтлалын санг зөвхөн компанийн болон бусад хуулиар зохицуулахаас гадна удирдлага зохион байгуулалт, менежмент талаасаа яах вэ гэдгийг энэ хуулиар илүү тодорхой болгож оруулж ирэх ёстой. Нийгмийн даатгалын шимтгэлийг дөрвөн хувиар нэмж, хоёр хувийг ажил олгогч, хоёр хувийг ажилтан төлнө гэсэн зардлын тооцоолол хийсэн байна.

Дагалдаж буй хуулиар ингэж хийчихээд хуулийн төсөлдөө ажил олгогчийн төлж байгаа шимтгэлийн 50 хувиас, ажилтны 20 хувиас хэтрэхгүй гэсэн заалт байна. Үүнийг яаж ойлгох вэ? Нийгмийн даатгалын шимтгэл хэдэн хувиар нэмэгдэж байгаа вэ? Энэ тооцооллыг санд төвлөрнө гэж ойлгох уу?

Сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудал маш чухал. Шударгаар хөдөлмөр эрхэлдэг ажил олгогч эсвэл шимтгэл төлөгчдийн нуруун дээр ачаалал ирэх нөхцөл байдал үүсэх нь бичиг баримтнаас харагдаад байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хувиар бүрдүүлнэ гэж үзэж байгаа бол төсөвт ирэх ачааллыг хэрхэн бууруулна гэж үзэж байгаа вэ? Дутагдаж буй эх үүсвэрийг яаж хангаж, бүрдүүлэх вэ?

Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх, хуримтлалын санг бий болгохдоо байгалийн баялгийн менежмент, хуваарилалт, АМНАТ-ын хуваарилалтыг хийж энэ санг тогтворжуулах хэрэгтэй. Гэтэл уг хууль орж ирээгүй байгаа. Тиймээс орж ирсэн хуультай уялдуулж орж ирэх нь зүйтэй гэж үзэж байна.

Сан амжилттай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд үүсэх эрсдлийг сайн тооцож бодох хэрэгтэй. Тухайлбал удирдах зөвлөлийн бүтэц, хяналт, гүйцэтгэх удирдлагын бүтэц, хуучин арилжааны банк, Хөгжлийн банктай холбоотой хэргүүд шиг адил жишиг тогтох вий гэдэг дээр үнэхээр санаа зовж байна.