БЕНИЛЮКС-ийн орнуудын бизнесийн төлөөлөлтэй уулзлаа
2023.07.27

БЕНИЛЮКС-ийн орнуудын бизнесийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 22 дугаар хуралдаан Брюссель хотноо 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр болов.

Хамтарсан хорооны хуралдааныг Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын захирал Гуннар Веганд нар тэргүүлсэн юм.

Хамтарсан хорооны хуралдаанаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого зорилтыг танилцуулж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Мөн Монгол Улс, Европын Холбооны харилцааны суурь баримт бичиг болох “Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнг цаашид нэмэгдүүлэн баяжуулах боломжийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэв. Тухайлбал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан томоохон зорилт арга хэмжээг Европын Холбооны “Дэлхийд гарах гарц” хөтөлбөртэй уялдуулж ногоон шилжилт, цахимжуулалт, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт зэрэг салбарт хоёр талын харилцааг тэлж ажиллахаар тогтсон юм.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан нийтлэг зорилтуудыг хангах, энэ хүрээнд Монгол Улс, Европын Холбоотой байгуулсан “Ойн түншлэл”-ээр бодит үр дүн гаргаж ажиллахаа талууд нотоллоо.