2023.08.16

"Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийн загвар хаусны шавыг тавилаа

Ховд аймгийн төвд гэр хороололд 5700 гаруй өрх амьдарч байна. Тэгвэл гэр хорооллын иргэд утаа гаргаж агаар бохирдуулах яндангүй, хөрс бохирдуулах ил жорлонгүй хашаанлдаа хаустай амьдрах боломж бүрдүүлэх үүднээс "ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЦГААЯ" төслийг эхлүүлсэн.

Төслийн үр дүнд одоогоор 3000 айлд цэвэр бохир усны шугамд холбогдох боломжийг нь бүрэн бүрдүүлээд байна. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар 300 айл л гэртээ цэвэр бохирын шугам оруулж ая тухтай амьдарч байгаа.

Тиймээс иргэдэд хэрхэн хямд өртгөөр, хурдан хугацаанд, чанартай хаус барих аргыг зааж өгөх зорилгоор Ховд Эко цемент үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар "Ховдын өргөө ХХК" барьж гүйцэтгэх загвар хаусны шавыг тавилаа. Ирэх өвлөөс өмнө урьтаж синглэ, твин, таун загварын хауснууд ашиглалтад орно.

Ховдод 1 м/кв байр 2.500.000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд 80 м/кв орон сууц авахад 200.000.000 төгрөг шаардлагатай.

Тэгвэл хямд чанартай дулааны алдагдалгүй амины хаусыг загвар, хийцээсээ хамаарч зах зээлийн ханшнаас 2 дахин бага өртгөөр барих, ногоон зээлэнд хамрагдах боломж буйг харуулахад төслийн зорилго оршиж байна.

Дашрамд өнөөдрийн өдөрлөгт Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ардын жүжигчин Д.Мэндбаяр нарын хүндэт зочид, иргэдийн төлөөлөл оролцож талархал дэвшүүллээ.

Мөн Хаан банкны хамт олон гэр бүлд зориулсан ногоон зээлээ танилцуулж, Миний хашаа-Миний байшин гэрэл зургийн уралдааны ялагчдад шагналыг нь гардууллаа.

Гаднаа ил жорлонгүй, гэртээ нүүрс түлэхгүй, худгаас усаа авахгүй, хашаандаа хүлэмж ногоон байгууламжтай хашаандаа сайхан амьдрах шинэ Ховдын төлөө хамтдаа хичээцгээе.