Их, дээд болон ЕБС-иудад хүний эрхийн хичээл заах уриалгад Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо нэгдлээ
2023.08.22

Их, дээд болон ЕБС-иудад хүний эрхийн хичээл заах уриалгад Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо нэгдлээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталж, хүний эрхийг хүн бүрд төрөхөөс заяагдсан, салшгүй бөгөөд түгээмэл болохыг баталгаажуулсан билээ.

Тус Тунхаглал батлагдсаны 75 жилийн ой 2023 онд тохиож буй бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023-2024 оны хичээлийн жилийн эхний өдөр Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудад “Манай ангид-Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал” уриалгыг үндэсний хэмжээнд дэвшүүлээд байна.

Энэ хүрээнд ХЭҮК-ын дарга Ж.Хунан Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны тэргүүн Н.Номинг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Комиссоос үндэсний хэмжээнд дэвшүүлж буй “Манай ангид-Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал” уриалгыг дэмжиж ажиллах, хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудад хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх сургалт тогтмол зохион байгуулах, НҮБ-ын Бизнес ба хүний эрх удирдах зарчмыг хувийн хэвшлийн боловсролын байгууллагуудад мөрдлөгө болгох зэрэг олон талт ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохирлоо.