Уур амьсгалын өөрчлөлт хүний эрхэд хэрхэн нөлөөлдөг бол...
2023.08.17

Уур амьсгалын өөрчлөлт хүний эрхэд хэрхэн нөлөөлдөг бол...

Уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрхтэй салшгүй холбоотой ба түүний нөлөөлөл зөвхөн хүрээлэн буй орчинд биш, бидний сайн сайхан байдалд ч бас нөлөөлдөг.

Үүний нөлөөлөл цаг ирэх тусам ихсэж, улам бүр доройтвол одоогийн болон ирээдүйн үр хойч үеийнхэнийг мөхөөнө. Тиймээс уур амьсгалын хямралд зохистой арга хэмжээ авч чадахгүй байгаа засаглалын дутагдалтай байдал нь түүхэн дэх хамгийн том үе хоорондын хүний эрхийн зөрчил байж болохыг олон тооны шинжлэх ухааны нотолгоонд тусгасан байна.

Уур амьсгалын өөрчлөлт ба амьд явах эрх

Бид бүгд амьд явах, эрх чөлөөтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэвч уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий ертөнцийнолон тэрбум хүний амь насанд болон аюулгүй байдалд заналхийлж байна. Үүний хамгийн тод жишээ нь шуурга, үер, ой хээрийнтүмэр гэх мэт эрс тэс үзэгдлүүд юм. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт нь хүний амь насанд заналхийлж буй бусад олон төрлийн далд нөлөөллүүд бий. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн 2030-2050 он гэхэд жилд дундажаар 250,000 хүн нас барна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тооцоолж байна.

Уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх

Бид бүгд бие махбод, сэтгэл зүйн хувьд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Уур Амьсгалын Өөрчлөлтийн Асуудлаарх Засгийн Газар Хоорондын Мэргэжилтнүүдийн Хороо (УАӨАЗГХМХ- IPCC) үзэж байгаагаар, уур амьсгалын өөрчлөлтийн эрүүл мэндэд үзүүлэх томоохон нөлөөлөл нь далайн давлагаа, гал түймрийн улмаас үүсэж байгаа бэртэл гэмтэл, өвчин зовлон, хүмүүсийн амь насанд эрсдэл учруулах бол; ядуу бүс нутгуудад хүнсний үйлдвэрлэл багассанаар хоол тэжээлийн дутагдалд орох нь нэмэгдэх бөгөөд; хоол хүнс, ундны уснаас үүдэлтэй өвчлөл, халдварт өвчний эрсдлүүд нэмэгдэнэ гэж үзэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, эсвэл нөлөөлөлд өртсөн хүмүүс, ялангуяа хүүхдүүд гэмтлийн дараах стрессийн эмгэгт өртдөг.

Уур амьсгалын өөрчлөлт ба орон байртай байх эрх

Бид бүгд өөрөө болон гэр бүлийнхээ тохирсон амьжиргааны түвшин, тэр дундаа зохистой, шаардлагад нийцсэн орон байртай байх эрхтэй. Гэвч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үер, ой хээрийн түймэр зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүд хүмүүсийн орон гэрийг сүйтгэж, тэднийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэж байна. Нөгөө талаас ган гачиг нь хүрээлэн буй орчинд ихээхэн сөрөг өөрчлөлтийг дагуулж байгаа бөгөөд далайн түвшний өсөлт нь нам дор газар нутаг амьдардаг дэлхийн сая сая хүмүүсийн орон гэрт заналхийлж байна.

Уур амьсгалын өөрчлөлт ба баталгаатай ундны усаар хангагдах, ариун цэврийн байгууламжтай байх эрх

Бид бүгдээрээ эрүүл байхын тулд баталгаатай ундны ус, ариун цэврийн байгууламжтай байх эрхтэй. Гэвч цас, мөс хайлж, хур тунадас багасч, агаарын температур, далайн төвшин нэмэгдэх зэрэг хүчин зүйлсээс болж уур амьсгалын өөрчлөлт нь ундны усны нөөцийн чанар, хэмжээнд нөлөөлж байна. Аль хэдийн 785 сая хүн баталгаатай ундны ус, ариун цэврийн байгууламжид холбогдоогүй байна. Уур амьсгалын өөрчлөлт үүнийг улам дордуулах болно.