Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хурал боллоо
УИХ-ын дарга Г.Занданшатар тус хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын энэхүү хурал нь зөвхөн хоёр талын улс төрийн төдийгүй худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн цаг үеийн болон тулгамдсан асуудлыг авч хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг баримжааг зөв тодорхойлох чухал ач холбогдолтой талбар болох нь дамжиггүй. Монгол Улс нээлттэй улс төрийн тогтолцоо, хариуцлагатай засаглалыг бий болгохыг эрмэлзэж, байгаль орчиндоо ээлтэй хөгжлийн гарцыг эрэлхийлж, эдийн засгаа солонгоруулах, бүс нутгийн дэд бүтцийн бүх талын холболтыг өргөжүүлэх, тэр дундаа эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарт онцгой анхаарал хандуулах, мөнхийн хөрш оронтойгоо найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байна” гэв.
Хуралдаанд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б. Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын Ёс зүйн, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Б. Баттөмөр, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Б. Саранчимэг, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э. Батшугар, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Ж. Чинбүрэн нарын хамт оролцлоо.
Энэхүү хамтарсан хурал нь Монгол Улс, ОХУ-ын уламжлалт найрсаг харилцааг цаашид бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээрийн шинэлэг механизм гэдгээрээ онцлог юм. Хурлын үеэр эдийн засаг, газрын тос, эрчим хүч, байгаль орчин, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцсон юм.