БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфаниг хүлээн авч уулзав.
Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойн санг нэмэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, хоёр улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын захиргаад хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэн байгалийн болон соёлын үнэт зүйлсийг хадгалдаг тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, зүй зохистой ашиглалт-хамгаалалтын менежментийг сайжруулах, байгаль хамгаалагчдын чадавхыг бэхжүүлэх туршлага солилцсоныг БОАЖЯ мэдээллээ.
Элчин Сайд Сандра Шуфани хэлэхдээ “Канад, Монгол Улсад тулгамдаж буй цөлжилт, агаар, хөрсний бохирдол, бэлчээрийн доройтолд нэрвэгдэж буй газар нутгийг хараад санаа зовнидог. Иймд Канад Улсын Засгийн газраас Монгол Улсад байгаль орчинд ээлтэй газар тариалангийн салбарт 10 сая долларын төсөл эхлүүлэхээр бэлтгэж байна. Төслийг БОАЖЯ, ХХААХҮЯ, фермерүүд, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагад тулгуурлан хэрэгжүүлнэ. Монголд ногоон эдийн засгийг хөгжүүлэх, байгальд ээлтэй бизнесийг дэмжих, нүүрснээс өөр эх үүсвэрээс эрчим хүчний хэрэгцээг хангах төсөл, санаачилгад хөрөнгө оруулахад бэлэн байна. Монгол Улс ногоон эрчим хүч нэвтрүүлж чадвал эрчим хүч экспортлогч улс болох боломжтой. Манай улс эрчим хүчээ хог, ус, уран зэрэг олон эх үүсвэрээс авдаг. Бидэнд арвин туршлага байгаа, үүнийгээ хуваалцахад бэлэн" гэжээ.