“Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-т ажиллав
УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга, Гэр бүлийн тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагчийн хувиар нийслэлийн засаг даргын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” дээр өнөөдөр ажиллаж, одоо үйлчилж буй хууль, тогтоомжийн хүрээнд хийж буй ажил болон Гэр бүлийн тухай хууль дахь хүүхэд хамгаалал, асрах үйлчилгээ, асралт гэр бүлийн асуудлаар ажилтнуудын мэдээлэл, санал хүсэлтийг авлаа.
Тус цогцолбор нь эцэг эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг хүүхэд залуусыг амьдрах нөхцөл боломжоор ханган, улмаар мэргэжил олгох сургалтад хамруулах, ажилд зуучлах үйл ажиллагаа явуулдаг 24 цагийн үйлчилгээтэй улсын төсөвт асрамж, халамжийн хоёр байгууллагын юм. Нөгөө байгууллага нь "Өнөр бүл" хүүхдийн төв.
"Өнөр бүл" төвд 04-18 хүртэлх насны хүүхдүүд асрамж халамжийн үйлчилгээнд хамрагддаг бол “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-т 04-21 нас хүртэлх хүүхэд залуус амьдардагаараа онцлог. Одоогоор тус цогцолборт 100 гаруй хүүхэд, залуус амьдарч нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ авч байна.
Биднийг тус цогцолборт ажиллах үеэр Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан баг мөн тус цогцолборт хүний эрхийн нөхцөл байдлын үнэлгээ шинжилгээ хийж байхтай таарлаа.
“Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын дарга С.Амгалан болон ажилтнуудтай хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжлийн чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг сонсож, бодлогын түшинд хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо. Мөн тус цогцолборт хамрагдаж буй хүүхдүүдтэй хичээл ном, чөлөөт цаг, спортын тэмцээн уралдаан зэрэг асуудлаар ярилцаж нөхцөл байдалтай нь танилцлаа.
Цогцолборын ажилтнууд дотоод нөөц боломж, төсөл, тусламжаар спорт заал, хүүхдэд зориулсан сэтгэл засал, иогийн дасгалын өрөөнүүдийг тохижуулан засч, хүүхдүүдээ гадагшаа сургалт дугуйлангуудад идэвхтэй хамруулж байгаа нь хүүхэд хөгжилд их тустай зүйл болж байна.
Гэхдээ тус төвийн номын санг баяжуулах, хүүхдүүдийг спорт, урлагийн секц дугуйланд өргөнөөр хамруулахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах гадаад дотоодын байгууллага хүмүүстэй холбон зуучлах нэлээдгүй хэрэгтэй байгаа нь ажиглагдлаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn