ТЕХНОЛОГИОР ДАМЖУУЛАН БЭРХШЭЭЛ БҮХНИЙГ ИЛҮҮ ХУРДАН ШИЙДНЭ
Г.Дашням, УИХ-ын 10-р тойрогт нэр дэвшигч
2024.06.13

ТЕХНОЛОГИОР ДАМЖУУЛАН БЭРХШЭЭЛ БҮХНИЙГ ИЛҮҮ ХУРДАН ШИЙДНЭ

Үүрэн холбооны салбар эрүүл, өрсөлдөөнтэй хөгжихөд Г.Дашнямын тэргүүлж буй Жимобайл компанийн нөлөө их билээ. Анхлан сүлжээндээ үнэгүй ярьдаг үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчид байршлаасаа шалтгаалж өндөр төлбөртэй ярьдаг байсныг болиулсан нь энэхүү компанийн гавьяа билээ. Жимобайл компани 21 аймаг, томоохон суурингуудыг хамарсан үйлчилгээний экосистемийг бий болгож 500 мянга гаруй хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэснээс гадна Үндэсний Топ-100 аж ахуйн нэгжийн нэг болжээ. Түүнчлэн түгжрэлийг бууруулахад Г.Дашнямын үүсгэн байгуулсан “Жет шейринг Монголиа” компанийн скүүтерүүд бодитой хувь нэмэр оруулж байна. Өнөөдөр 6000 мянган Жет скүүтерийг 200 мянга гаруй хүн хэрэглэх болжээ. Г.Дашням хоёр мянга орчим хүнийг ажил орлоготой байлгаж, 2023 онд гэхэд 120 тэрбум гаруй төгрөгийн татвар төлөөд буй. Тэрээр бизнес эрхлэгчийн хувьд төрийн дарамт, хүнд суртлыг биеэрээ туулж иржээ.

Төр, иргэн, хувийн хэвшлийн түншлэл зөв харьцаатай байж гэмээн улс орны эдийн засгийн механизм зохистой ажилладаг. Гэтэл төр нь өөрөө бүх зүйлд “гараа” хэт гүнзгий дүрчихсэн учраас төрийн оролцоогүйгээр явдаг ажил үгүй шахам болж, чөлөөт эдийн засаг тэр хэмжээгээр хумигдаж байна. Бүх л зүйлд даргын санал, даргын зөвшөөрөл... Энэ бүхний эцэст алдагдсан цаг хугацаа, алдагдсан боломж, бизнесийн удаашрал л бий болно. Бизнес удааширна гэдэг санхүү, эдийн засгийн урсгал удааширч, савалж эхэлнэ гэсэн үг. Гэтэл нийгэм өөрчлөгдөж байна. Залуу, эрч хүчтэй, хувьсан өөрчлөгдөж буй өнөө цагт, цаг үеэ соргогоор мэдэрч, түүнд дасан зохицож, дэлхийтэй дэлхий нийтийн хэлээр ойлголцдог шинэ үеийн төлөөлөл үгүйлэгдэж байна. Орчин цагт технологи суурьтай шийдлүүд хүчээ авч байна. Өөрөөр хэлбэл, технологи шийдэл болсон. Тиймээс энэ бүхнийг өөрчлөхөөр, өөрийн хувь нэмрийг оруулахаар УИХ-ын 10-р тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр зориг шулууджээ.

Г.Дашням УИХ-ын 10-р тойрогт нэр дэвшигч

Тэрээр, “Орон нутгийн төлөөлөл дээр суурилсан парламентаас  салбар бүрийн төлөөлөл дээр суурилсан парламент руу шилжсэнээр жинхэнэ утгаараа АРДЧИЛСАН парламент бий болох ёстой. Энэ утгаар гаднаас шүүмжлүүд суух биш, технологийн салбарыг, баялаг бүтээгчдийг төлөөлөн ажиллах нь миний зорилго” гэсэн юм.

Ганзоригийн Дашням нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. ОХУ-ын Москва хотод бага сургууль, ОХУ-ын Элчин сайдын яамны сургууль, Швейцарын Холбооны Улсын Женев хотын College Du Leman, Их Британийн International University of America in London сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

“Магнай Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Үүрэн холбооны үндэсний оператор “Жимобайл” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргаар ажиллассанаас гадна “Жет шейринг Монголиа” компанийг үүсгэн байгуулагч юм. Тэрээр “Ulaanbaatar city FC” клубын ерөнхийлөгч, Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, Монголын олимпын хорооны гишүүн, Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын Жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг.

НАМЗХ-ны УЗ-ын гишүүн, НАМЗХ-ын дэд ерөнхийлөгч, Сүхбаатар дүүргийн намын хорооны тэргүүлэгч, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч зэрэг сонгуульт албыг хашиж иржээ. Түүнийг бизнесийн салбарын шилдэг төлөөлөл, намын залуучуудын байгууллагын залуу лидер, технологийн салбарт туршлагажсан нэгэн хэмээн тодорхойлдог.