Шинэ Хархорум хот чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г 2025 оны зургадугаар сард дуусгахыг санал болгов
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНСУ-ын Үндэсний төмөр замын дэд захирал Лим Жунгилаар ахлуулсан төлөөлөгчдтэй уулзаж, Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн бодлого, бүс нутгийн төмөр замын тээврийн сүлжээнд холбогдох, зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа.
Тэрээр Улаанбаатар-Шинэ Хархорум хот чиглэлийн нэгдүгээр зэрэглэлийн зорчигч тээврийн төмөр зам, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн одоо хэрэглэгдэж байгаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замтай зэрэгцээ шулуун трасстай тавигдах босоо тэнхлэгийн шинэ төмөр зам байгуулах төслүүдийн талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.
Солонгосын үндэсний төмөр зам компани нь 2024 оны 06 дугаар сарын 18-нд “Монголын төмөр зам” ТӨХК-тай Улаанбаатар-Хархорум хот чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар хамтын ажиллагааны санамж байгуулсан. Энэ хүрээнд хийгдэж байгаа ажлын явцыг БНСУ-ын талаас танилцуулав.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Улаанбаатар-Шинэ Хархорум хот чиглэлийн нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын ТЭЗҮ-г хийхдээ Монгол Улсын хүн амын суурьшлын бүс, цаг агаар, газар зүйн онцлогийг харгалзан үзэхийн зэрэгцээ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан суурьшлын бүсүүд, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, ачаа болон зорчигч тээврийн эргэлт, урсгалуудын төлөв, хандлагуудыг сайтар тооцон ТЭЗҮ, орчин үеийн төмөр замын технологийн давуу талуудыг шингээсэн эскиз зургийг 2025 оны зургадугаар сард багтаан боловсруулж дуусгах чиглэл өгөв.
Холбоотой мэдээ
2024.11.20
2024.11.18
2024.11.13