ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫН ЭСРЭГ АЖЛЫН ХЭСГИЙГ О.САРАНЧУЛУУН АХАЛНА
УИХ-ын О.Саранчулуун
2024.09.13

ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫН ЭСРЭГ АЖЛЫН ХЭСГИЙГ О.САРАНЧУЛУУН АХАЛНА

Ялгаварлан гадуурхалт гэдгийг маш товчоор хэлбэл, хүн бүр тэгш эрхтэй байх тухай юм. Тодруулбал, нийгмийн тодорхой бүлгийн гишүүнийх нь хувьд хүмүүстэй бусад хүмүүсийн адил эрх тэгш хандахгүй байх үйлдлийг “ялгаварлан гадуурхалт” гэдэг.

Боловсрол, ажил хөдөлмөр эрхлэлт, бүх төрлийн үйлчилгээ авахад ямар нэг нийгмийн бүлэгт харьяалагдах мөн чанараар нь буюу хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа гэх мэт хүчин зүйлсээр хүмүүсийг ялгаварлан гадуурхах гэдэг нь тухайн хүнийг эрхээ эдлэх тэгш боломж олгохгүй байхыг хэлнэ.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан.

Мөн Эрүүгийн хуульд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр ч зохицуулсан байдаг.

Яг өнөөдрийн бодит байдлыг харахад бусдыг ялгаварлан гадуурхах үйлдэл, хандлага, үг хэллэг зэрэг хүмүүсийн илэрхийлэл түгээмэл байгаа нь нууц биш. Хүнийг хүйсийн баримжаа, бэлгийн чиг хандлагаас нь болж ялгаварлан гадуурхсаны улмаас чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаад улс руу явах, оршин суух боломжгүй болох эсхүл нийгэм болон цахим орчинд өөрийгөө болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй болох, намын харьяаллаас болж ажлаасаа халагдан ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхээ эдэлж чадахгүй байх зэрэг олон тохиолдол байгааг мэргэжилтнүүд хэлдэг.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент бий болж шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгүүд байгуулагдаад байна.

Эдгээрийн нэг нь Ялгаварлан гадуурхалтын эсрэг ажлын хэсэг юм. Энэхүү ажлын хэсэг нь авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй.

Тус ажлын хэсгийг нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор, УИХ-ын гишүүн О.Саранчулуун ахлаж, ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан, А.Ундраа нар ажиллахаар боллоо.