Б.Мөнхсоёл: Сошиал орчин дахь хүний эрхийн зөрчил болон намчирхал, талцал ихэсвэл та үүнтэй хэрхэн тэмцэх вэ?
УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
Нэгдүгээрт, Өмнөх оны Засгийн газрын үйл ажиллагааг үнэлж дүгнэхдээ хүний эрх болон иргэдийн амьжиргааны түвшин доогуур байна гэсэн. Хоёрдугаарт нь иргэд ажил хийгээд байгаа боловч ядуурсаар байгаа нь маш том асуудал. Тиймээс бүгдээрээ зөвхөн мега төсөл гэхгүйгээр шинээр үүсэх Засгийн газар, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд ямар бодитой ажил хийх вэ?
Хоёрдугаарт, Төрийн өмчит үйлдвэрийн компаниудын засаглал, үр ашгийг улс төрөөс ангижруулах бодлого байгаа. Одоогийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон зүйл нь төрийн өмчит үйлдвэрийн компаниудын хяналтыг сайжруулах, нээлттэй байлгах тухай юм. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?
Гуравдугаарт, Эрчим хүчний реформын олон ажил төлөвлөгдсөний нэг нь эрчим хүчний янз бүрийн эх үүсвэрүүд, ухаалаг тоолуур гэх мэт асуудлуудыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж орсон. Хамгийн сүүлд ДЦС-3 дээр гарсан осол. Хамгийн түрүүнд үүнийг засах, энд зарцуулах мөнгийг төсвөөс гаргах ажил төлөвлөгдөх үү?
Дөрөвдүгээрт, 2026 оныг боловсролын жил болгосон. Үүнтэй холбогдуулаад олон ажил төлөвлөгдсөний нэг нь орон нутгийн боловсролын хамрагдалтыг сайжруулах, цахим боловсролын чанарыг нэмэгдүүлэх гэх мэт тодорхой ажлууд нэмэгдсэн. Төсвийн тодотгол хийхдээ 2,3 их наяд төгрөгийг хэмнэнэ гэж хэлсэн. Үүн дотор нийгмийн салбар хамрагдах уу? Боловсролын салбарын урсгал зардал, хөрөнгө оруулалт орох уу? Мөн сошиал орчин дахь хүний эрхийн зөрчилтэй хэрхэн тэмцэх вэ?
Намчирхал, талцах, хуваагдал ихсэх юм бол энэ байдлыг хэрхэн даван туулах вэ? Энэ Засгийн газрыг хэр хугацаанд ажиллана гэж төсөөлж, таамаглаж байна вэ?
Түүний асуултад Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар хариуллаа.

Сэтгүүлч