У.ХҮРЭЛСҮХ: БИД ХОС ТӨМӨР ЗАМАА ЦАХИЛГААНЖУУЛЪЯ ГЭСЭН БОДОЛТОЙ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 оны 07 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байна. Энэ үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хэд хэдэн асуудлаар ярилцсан ба үүнд “УБ Төмөр зам”-ын асуудал багтсан. Энэхүү төмөр замын талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юу ярьсан талаар хүргэе.
Тэрээр “Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өргөжин тэлж байгаад бид сэтгэл хангалуун байгаа. Нэн ялангуяа “УБ Төмөр зам”-ын асуудал яригдаж байна. Өнгөрөгч онд энэ төмөр зам 5 сая тн ачааа тээвэрлэсэн. Энэ бол түүхэнд байгаагүй тээвэрлэлт юм. Нэн ялангуяа Евро-Азийн ачаа тээвэрлэлтүүд ОХУ, БНХАУ, Европын Холбооны улсуудын хоорондын ачаа эргэлт нэмэгдсэн. Тэр утгаараа төмөр замын шинэ коридорыг шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага байгаа. Цаашдаа Евро-Азийг холбосон гурван том төмөр замын нэг нь Монголын төмөр зам болж байна. Тийм учраас хос төмөр зам тавиад, цахилгаанжуулъя гэсэн бодолтой байна. Үүнийг бид Оросын талтайгаа хамтрах хүсэлтэй байна.
Нөгөө талаас Алс Дорнодыг БНХАУ-ын зүүн урд хэсэгтэй, хойд хэсэгтэй холбосон зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг, мөн Тува, Киргизээс БНХАУ-ын баруун хойд хэсгийг холбосон баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замуудыг төв коридорын төмөр замтай тавьж чадвал Монгол, Орос, Хятад гэсэн гурван улсын эдийн засгийн коридорыг эрчимтэй хөгжүүлэх ач тустай томоохон төсөл, хөтөлбөр болно гэж бодож байна. Энэ нь монголчууд бидний хэрэгжүүлэхээр оролдож буй “Транзит Монгол” гэдэг томоохон төслийг хэрэгжүүлэх ач тустай гэж бодож байна.” гэлээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд энэ жил “УБ Төмөр зам”-ын 75 жилийн ой тохионо. Энэхүү үйл явдлыг ёслол төгөлдөр тэмдэглэнэ гэсэн байр суурьтайгаа илэрхийлснийг МУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хэллээ.