С.Цэнгүүн: Төрд өмч, даргад олон төрлийн эрх мэдэл байх ёсгүй!
2024.09.30

С.Цэнгүүн: Төрд өмч, даргад олон төрлийн эрх мэдэл байх ёсгүй!

УИХ-д сонгогдсон АН-ын хамгийн залуу гишүүн болох Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн нар Дорнод аймагт ажиллаж байна.

Тэд Дорнод аймгийн Дулааны цахилгааны станцын үйл ажиллагаатай танилцаж, нутгийн иргэд, залуучуудтай уулзаж, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хөгжлийн талаар нээлттэй ярилцлаа.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн С.Цэнгүүний хувьд Эрчим хүчний салбарт реформ хийх, салбарын эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсгийн, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр тус тус ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хэлэхдээ,

"Бидэнд ярилцах, ойлголцох маш их зүйлс бий ажээ. УИХ-ын гишүүн гэхээр том дарга, бирд шиг хүсэл биелүүлэгч биш. Хатуу ч гэсэн үнэн үгсийг хэлэх ёстой гэж бодож эрүүл саруул сэтгэлгээний тухай ярилаа. Хувь хүн өөрийнхөө амьдралыг авч явж, төр түүнд нь оролцохгүй байж буян болох тухай ойлголтыг л өгөхийг хүслээ. Оюунлаг, рационал хүмүүс олон. Тэд чимээгүй л ажиглаж байгаа. Өргөн уудам нутагт эрх чөлөөтэй, тайван амгалан амьдрах Монголчуудын заяа их. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, эрчим хүчний томоохон төслүүдээ хөдөлгөх замаар бид дэлхийтэй холбогдоно. Олон жил үргэлжилсэн хий хоосон попрол, утга уянгаа хойш нь тавьж хөрөнгө оруулагч, бизнесийнхэнд саад хийхээ больчихвол нөгөө том даргаас гуйгаад байгаа өндөр цалин, амьдралын чанарыг иргэд өөрсдөө бий болгоод, сайжруулаад аваад явна. Даргаас юм гуйхаа больсон цагт авлига зогсоно. Иймд төрд өмч байх ёсгүй. Даргад олон төрлийн эрх мэдэл байх ёсгүй. Энэ жам ёсны хөгжилд саад болж байгаа аливаа стандарт, тусгай зөвшөөрөл нэртэй авлига, төрөөс тогтоодог үнэ, хувь хүний эрх чөлөөг боомилох хуулиудыг хүчингүй болгохын төлөө ажиллах болно" гэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан