УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийг анх удаа олон нийтээр хэлэлцүүлж байна
Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” хэлэлцүүлэг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагийн “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл” сэдэвт илтгэлээр үргэлжиллээ.
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа илтгэлийнхээ эхэнд, Улсын Их Хурлын даргын 2024 оны 71 дүгээр захирамжаар “Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг парламентад суудалтай улс төрийн бүх намын төлөөллөөс бүрдүүлэн 16 гишүүнтэйгээр байгуулсныг тэмдэглэв.
Өнгөрсөн 34 жилийн хугацаанд хууль тогтоох дээд байгууллагын стратеги төлөвлөгөөг Үндсэн хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хоёр удаа баталсан байдаг. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөө нь зургаан зорилго, 11 зорилт, 68 арга хэмжээнээс бүрдэж, амжилттай сайн хэрэгжсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталсан нь хамгийн чухал алхам болсон гэлээ.
Мөн тэрбээр “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулаад анх удаа олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэхүү стратеги төлөвлөгөө нь Улсын Их Хурлын гишүүд, УИХ-ын Тамгын газрын төлөвлөгөө биш. Үүний гол зорилго нь Улсын Их Хурлаас хэлэлцэн батлагддаг хууль тогтоомжууд иргэд, олон нийтэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүний эрхийн зөрчилгүй нийгмийг цогцлооход чиглэж байна" гэлээ.
“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл”-ийг Олон улсын парламентын холбоо болон бусад орны сайн туршлага, Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлын судалгаанд үндэслэн боловсруулжээ.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Дэд дарга Э.Лхагва чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Х.Тэмүүжин, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор П.Одгэрэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нарын зочин оролцогчид илтгэлийн хүрээнд асуултад хариулж, санал бодлоо солилцлоо.
Мөн хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлийн хүрээнд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс өнгөрсөн хугацаанд үндэсний эрх зүйн тогтолцоонд даацтай судалгаа хийж, алдаа оноог нь дүгнэх, цаашлаад Улсын Их Хурлаас батлагдсан хуулиуд монголын нийгэм, иргэдийн амьдралд хэр нийцтэй буйг судлах шаардлагатай байна.
Түүнчлэн D-Parliament-ийг өргөжүүлэх, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 5.1-д Улсын Их Хурал хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сантай байна гэсэн заалтыг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн шинэтгэлийг зоримог хийж, хуулиас давсан журмуудыг цэгцлэх ажлыг тууштай хийх шаардлагатай гэсэн саналуудыг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.