Боловсролын зээлийн санд маш олон зээл эргэн төлөгдөөгүй асуудал гарч байна
2024.10.18

Боловсролын зээлийн санд маш олон зээл эргэн төлөгдөөгүй асуудал гарч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Боловсролын зээлийн сангийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж, боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг хэрхэн цэгцлэх талаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг миний бие ахалж, Б.Найдлаа, Г.Дамдинням, Ш.Бямбасүрэн, Ж.Галбадрах, О.Саранчулуун, М.Сарнай, С.Эрдэнэбат нар гишүүнээр ажиллаж байна.

Боловсролын зээлийн санд маш олон зээл эргэн төлөгдөөгүй, асуудал гарч байна. Ажлын хэсгийн хүрээнд байнгын хороонд Боловсролын сайд, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дүгнэлтийг танилцуулсан.
Тус дүгнэлтэд 2008 оноос хойш зургаан сайдын 17 тушаалаар 800 суралцагчийн 87.6 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Үндсэндээ Боловсролын сайд нарын тушаал хууль зөрчиж гарсан. Үүнийг хүчингүй болгох ёстой гэх АТГ-ын дүгнэлт энэ оны есдүгээр 30-нд гарсан.

Хууль бус шийдвэрүүд хүчингүй болох ёстой. Зургаан сайдын 17 тушаалаар тэглэсэн 800 орчим суралцагчийн 87.6 тэрбум төгрөгийн асуудал яригдана. АТГ-ын дүгнэлтэд ямар хууль зөрчсөн талаар тодорхой байгаа. 2011 оны долдугаар сарын 9-ний Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д аливаа татвар төлөгчдийн мөнгөөр олгож буй тухайн суралцагчийн зээлийг чөлөөлөх, хүчингүй болгохыг УИХ тогтооно гэж байгаа.
Гэхдээ УИХ-аас хэзээ ч журам гараагүй. Тэгэхээр дээрх хуулийг зөрчиж хууль бус шийдвэрүүд гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 48.1, Боловсролын ерөнхий хуулийн 26.1.26 дахь заалтыг үндэслэж хүчингүй болгох тухай дүгнэлт гаргасан.

2024 оны есдүгээр сарын байдлаар Боловсролын зээлийн сангаас 364 тэрбум төгрөгийг гадаад зээлд олгосон байна. Үүнээс чөлөөлөгдсөн нь 800 орчим суралцагчдын 87.6 тэрбум төгрөгийн зээл юм. Мөн 8.8 тэрбум төгрөг нь эргэн төлөгдсөн. Хууль бус зээлийн эргэн төлөлтийг авч үзвэл 360 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдана. Бидний зүгээс 800 орчим суралцагч гэсэн мэдээллийг авсан. Суралцагчдын холбоо хамаарал, овог нэр байхгүй. Улс төрчийн хамаарал гэх талаас нь авч үзэж болохгүй. Зарчмын хувьд хууль бус байсан гэж үзэх учраас тушаалууд хүчингүй болох ёстой" хэмээн ярилаа.