О.Батнайрамдал: Иргэдийн саналыг тусгасан томоохон хэлэлцүүлгүүдийн үндсэн дээр олон нийтийн оролцоотой төсөв батлагдана
2024.11.11

О.Батнайрамдал: Иргэдийн саналыг тусгасан томоохон хэлэлцүүлгүүдийн үндсэн дээр олон нийтийн оролцоотой төсөв батлагдана

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл батлагдсан билээ. Тус хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн О.Батнайрамдал төсвийн тухайд өөрийн байр суурийг УИХ-ын чуулган болон Байнгын хороодын хуралдаанд дараах байдлаар илэрхийлж байсан.

1️⃣ХУРИМТЛАЛТАЙ ТӨСӨВ
Эдийн засаг өсөж, төсөв тэлж байгаа үед Үндэсний баялагийн сан тэр дундаа Ирээдүйн өв санд АМНАТ-ийн 65 хувийг төвлөрүүлж явах ёстой байсан. Ингэж бид ирээдүйд гарч болох аливаа эрсдэлээс сэргийлсэн хуримтлалтай болох юм. Тухайлбал, 2024-2025 онд нийтдээ 3.0 их наяд төгрөгийн АМНАТ Ирээдүйн өв санд хуримлагдаж болох байсан. Үүнийг бид цаашдаа засах ёстой.

2️⃣ЗАСАГЛАЛТАЙ ТӨСӨВ
Төр, хувийн хэвшлийн оролцооны тэнцвэртэй байдлыг хангахын тулд эдийн засаг өсөж, төсөв тэлсэн чинээгээр төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийг зоригтой хийх ёстой. Өөрөөр хэлбэл нэг талдаа төсвийн тэлэлт явагдаж байгаа бол нөгөө талдаа яг тэр чинээгээр төрийн өмчит компаниудын эдийн засаг дахь нөлөөллийг бууруулж, менежментийн цогц реформ хийнэ гэсэн үг. Төрийн өмчит топ 100 компаний хөрөнгийн дундаж өгөөж 3.5 хувь (2023 он) байсан ба үүнийг огцом нэмэгдүүлэх шаардлагатай. Нэг ёсондоо үр өгөөж багатай төрийн өмчит компаниудын тоог цөөлөх ёстой юм.

3️⃣ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ ТӨСӨВ
Төсвийн тухай хуулийн 28.1-т зааснаар тухайн жилийн төсвийн төслийг салбар тус бүрээр олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, гарсан саналуудыг тусгаад, УИХ-д өргөн барих ёстой. Үүнийг бодитой хийгээгүйгээс иргэд, олон нийтийн бухимдал үүсдэг. Энэ жил боловсролын салбарт 70.0 мянга гаруй иргэдийн саналыг авсан байсан. Үүнийг жишиг болгож, салбар бүрээр төсвийн томоохон хэлэлцүүлгүүдийг хийх ёстой.

4️⃣БЗС ТЭЛСЭН ТӨСӨВ
2025 оны төсвийн төсөлд Мэргэжлийн болон техникийн боловсролын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сангуудын төсөв даатгал, халамж, эрүүл мэндийн сангуудаас гадна үлдсэн 19 сангуудын 60 орчим хувийг эзэлж, тэлж орж ирсэн. Тэр дундаа Боловсролын зээлийн сангийн төсөв 51.0 тэрбумаар нэмэгдсэн. Төсөв тэлэхийн хирээр анхаарах хамгийн чухал асуудал бол БЗС-гийн сонгон шалгаруулалт, хуваарилалтыг шударга зөв хийж, төсвийг үр ашигтай зарцуулах, тус сангийн үр өгөөжийг иргэдэд оновчтой хүргэх явдал юм.