2025.05.16
Б.Жавхлан: Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл нь Монгол Улсын хувьд гадаад зээлээр санхүүжиж байгаа хамгийн том "төсөл" юм
УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдөр Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
Сүүлийн 30 жилийн хугацаанд Засгийн газар УИХ-д оруулж танилцуулаад, УИХ-аас ч санаачилсан төслийн зээлүүд байгаа. Нийтдээ 88 зээл хөтөлбөрүүд байгаа. Сүүлийн 30 жил. Сүүлийн 1, 2 эсвэл 5 жил ч биш. Гагцхүү сүүлийн 30 жил авч, хэрэглэж байгаа зээл төслүүд байгаа юм. Сүүлийн үед нефть боловсруулах үйлдвэр Монгол Улсын хувьд буюу бидний хамгийн том төсөл болж байгаа. Нэг ёсондоо, гадаад зээлээр санхүүжиж байгаа "хамгийн том төсөл" болж ирж байна. Энэ нь 1,7 тэрбум ам.доллар буюу 5,6 их наяд төгрөгийн төсөл болж байна. Тиймээс эдийн засгаа дагаад төслүүд ч томорч ирж байгаа. Өрийн хязгаар дотроо бол багтаж байгаа гэсэн үг. Бид өрийн хязгаарыг хэзээ ч хөндөж болохгүй. 2015 онд өрийн хязгааруудыг нь авч байгаад төслийнхөө хязгааруудыг авч байсан тохиолдол бий. Энэ удаад гишүүдийн санаачилж байгаа, судалж байгаа зүйл дотор төсвийн зардлын хязгаар дотроо өөрчлөлт хийж байгаа. Тэрнээс биш өрийн хязгаарыг бол огт хөндөөгүй! Энэ хоёр нь өөр хоорондоо огт өөр ойлголт шүү. Тиймээс төсвөөс гадуур гэдэг ойлголт байхгүй. Өрийн хязгаар дотроо ороод, төсвийнхөө менежмент дотроо 100% багтаад явна.

Сэтгүүлч