ХЭМНЭЛТЭЭС БҮТЭЭМЖРҮҮ ХАМТДАА
2024.11.22

ХЭМНЭЛТЭЭС БҮТЭЭМЖРҮҮ ХАМТДАА

Цомхон, бүтээмжтэй төр гэдэг үг бодит ажил болоогүй учраас хуучирч, улиг болжээ.Тийм учраас миний бие өөрийн ахалдаг Үндэсний 3 хороог нэгтгэж, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны үүрэг ажил болгоод байна. Энэ хүрээнд Төрийн бүтээмжийн Үндэсний хороог хуралдуулж, хэмнэлтээс бүтээмж, хүнд суртлыг бууруулж зөвшөөрлийг цэгцлэх, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх талаар мэдээлэл өглөө.

Бид төрийн чиг үүргийг эргэн харж, ямар чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхой болгох хэрэгтэй.Тухайлбал зөвшөөрөл нэртэй хориглолтын тогтолцоо байна.Зөвшөөрлийн хууль батлагдаж тоо нь буурсан мэт боловч бүртгэл нэртэй хориглолт оронд нь босгосон.
Энэ нь аж ахуйн нэгж, иргэдэд дарамт, хүнд суртал болж байгааг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.Тийм учраас зөвшөөрлийн хуульд заасан энгийн зөвшөөрлүүдийн 30%-ийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.
Үр дүнд нь дарга дагасан зөвшөөрөл, бүртгэлийн хүнд суртал буурна. Бүтээмж нэмэгдэнэ.

Цаашид Засгийн газраас “Цаасгүй засаг” төслийг хэрэгжүүлж 2025 он гэхэд цахимд бүрэн шилжинэ.Дахиж төсөв дээр цаасны зардалд нэг ч төгрөг төсөвлөхгүй. Жил бүр 20 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Мэдээлэл лавлагааг 99% ч биш 100% цахимжуулж хорооны тодорхойлолтоос эхлээд бүх зүйлийг цахимжуулна. Хэдэн үйлчилгээ E-Mongolia системд орсноор биш аль салбарын хэдэн үйлчилгээ цахимд шилжсэн, хэчнээн бизнесийн байгууллага цаасаар биш цахимаар үйлчилгээ авснаар үр дүнг хэмжинэ.