О.Саранчулуун: Тусгай хэрэгцээт хүн бие даан амьдрахад "Хувийн туслах үйлчилгээ" чухал ач холбогдолтой
“Түгээмэл хөгжил төв”, “Тэгш нийгэм холбоо” ТББ-тай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрхийн тухай" уулзалтыг энэ сарын 3-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтад УИХ-ын гишүүн О.Саранчулуун, М.Нарантуяа-Нара, М.Сарнай нар оролцож, санал бодлоо солилцжээ.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун хэлэхдээ “Өнөөдөр бол баяр бус хөгжлийн бэрхшээл болон тусгай хэрэгцээний талаар таниулах, мэдүүлэх, сануулах өдөр юм. Тусгай хэрэгцээт хүний хувьд бие даан амьдрах, ажиллах, ганцаараа ажлаа амжуулахад нь тус болох "Хувийн туслах үйлчилгээ"-г сайжруулж, илүү олон хүнд хүргэх нь чухал байна. Өнөөдөр “ХУВИЙН ТУСЛАХ”-уудын төлөөлөл болсон оюутан, залуус маань иржээ. Хэдий цалин мөнгө нь хангалттай байдаггүй ч гэсэн хийж байгаа ажил нь маш үнэ цэнтэй байдаг болохоор хувийн туслах хийхээс татгалздаггүй гэнэ. Ямар их сэтгэл вэ? Нөгөөтээгүүр энэ нь хөдөлмөр учраас ажиллах нөхцлийг нь сайн хангаж өгснөөр олон ТУСЛАХ-уудыг бэлтгэж илүү олон хүнд бие даан амьдрах боломжийг бүрдүүлэх билээ” хэмээн байр сууриа илэрхийлэв.