С.Одонтуяа: Зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж байгаа газруудад захиргааны хариуцлага ногдуулна
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "2023 онд татан буугдсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулах шийдвэрийг гаргалаа. Үндэсний хороо ойрын, дунд, урт хугацаанд ямар ажил зохион байгуулахыг төлөвлөгөө гаргаж ажиллана. Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар хотын дарга Х.Нямбаатар ажиллана. Яам бусад холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллана.
Үндэсний хороо ойрын үед хэд хэдэн яаралтай ажил хийе гэж бодож байгаа. Нэгдүгээрт, ард иргэдэд үнэн зөв мэдээллийг тогтмол хүргэж ажиллана. Зарим хүмүүс агаарын бохирдлын хэмжилтийг буруу хийж байна гэсэн гомдол гаргаж байна. Ямар стандартаар хэмждэг вэ, үүнийг хувь хүмүүс өөрчлөх боломжтой юу гэдгийг иргэдэд танилцуулна. Цаг уурын байгууллагаас маргааш 10.00 цагт бодитоор хэмжиж үзүүлнэ.
Түлшний нэгдсэн мэдээллийг иргэдэд хүргэнэ. Хатаалга, стандарт, техникийн асуудал нь ямар шаттай явж байгааг танилцуулна. Сайжруулсан түлшний дараагийн шилжилтийг хэрхэн хийх вэ гэдгийг Үндэсний хороо хариуцаж ажиллана. Түүхий нүүрсний хоёр асуудал байна. Зөвшөөрөлтэй хэрэглэж байгаа, зөвшөөрөлгүй хэрэглэж байгаа байгууллагууд байна. Зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж байгаа газруудад захиргааны хариуцлага ногдуулна. Үүнийг нийслэлийнхэн хариуцна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн автомашинуудыг Евро5 стандартын түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Дизелийн хангамж, үнийн асуудлыг ОХУ-ын талтай ярилцана.
Цаашдаа ногоон шилжилт хийх ажлыг Үндэсний хороо дэмжиж ажиллахаар болсон" гэлээ.