Х.Тэмүүжин: УИХ-ын тогтоож өгсөн хуулийн дагуу Засгийн газар амь орж ажиллана
2024.12.20

Х.Тэмүүжин: УИХ-ын тогтоож өгсөн хуулийн дагуу Засгийн газар амь орж ажиллана

Улсын Их хурлын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Таны хувьд чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Сайд нар парламентад худлаа яриад байна” гэсэн шүүмжлэлийг ярьсан. Засгийн газрын гишүүд маань яагаад худлаа яриад байх болов оо?

-Нийтийн шийдвэр,тэр дундаа дээд хүчин чадалтай хуулийг тогтоох эрхийг УИХ дангаар хадгалж байгаа. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана, төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ гэх Үндсэн хуулийн заалтууд нарийн утга учиртай. Нийтийн асуудлаар голлох шийдвэр гаргадаг энэ байгууллага худал хуурмаг, алдаатай мэдээлэл дээр тулгуурлаж шийдвэр гаргах юм бол иргэд, сонгогч олон нийт алдаатай шийдвэрийн үр дагаврыг нуруун дээрээ үүрнэ гэсэн үг. Тэгэхээр ардчилсан улсад парламент шийдвэрээ бодитой, зөв, үнэн байлгахын тулд хамгийн нэгдүгээрт, парламент өөрөө хуурмаг мэдээлэл, худал үйл явц дээр шийдвэр гаргаж болохгүй гэдэг зарчим байгаа. УИХ-ыг мэдээллээр хангаж ажилладаг хоёр суваг бий. Нэг нь гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар. Нөгөө нь УИХ-ын дэргэдэх байгууллагууд болон Тамгын газар. Засгийн газарт засаглалаа дагаад маш их хэмжээний төсөв, боловсон хүчин, олон жилийн туршид хуримтлагдсан мэдээлэл бий.

Энэ гурван нөөцөөрөө тухайн нийгэмд хамгийн мэдээлэл сайтай бүтэц нь Засгийн газар болчихдог. Мэдээллийн давуу байдал, түрүүлж мэдэх чадвараараа Засгийн газар давуу боломж олж аваад УИХ-ыг зальдах, хуурах замаар ажилаа хийгээд эхэлбэл Засгийн газрыг парламент, түүний цаана иргэд хянах ямар ч боломжгүй болно. Тиймээс парламентын засаглал бүхий улс орнуудад түгээмэл байдаг нэг арга нь парламентыг үл хүндэтгэх гэмт хэргийг Эрүүгийн хуульдаа бичсэн байдаг. Энэ нь дотроо хоёр үйлдэлтэй. Нэгдүгээрт, парламент дуудаад байхад эрх бүхий албан тушаалтан ирэхгүй бол гэмт хэрэг гэж үздэг. Хоёрдугаарт, парламентыг хуурах буюу худал мэдээлэл өгөх. Парламентад орж ирээд үг хэлж байгаа гүйцэтгэх эрх мэдлийн болон нийтийн албатай холбоотой бусад бүх албан тушаалтан парламентын танхимд орохын өмнө гарын үсэг зурж, тангараг өргөдөг. Ингэхдээ “өөрийн мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан мэдээллийнхээ хүрээнд зөвхөн үнэнийг хэлнэ” гэдэг зарчим барьдаг. Үүнийгээ зөрчөөд худал мэдээлсэн байх юм бол хариуцлага хүлээдэг л тогтолцоо байгаа.

Харамсалтай нь манай улсад энэ тогтолцоо бүрэн дүүрэн суугаагүй, хэвшээгүй байна. Засгийн газрын цөөнгүй сайд Их хурлын танхимд илт худлаа ярих тохиолдлууд гарч байна. Өмнө нь ч байсан үзэгдэл. Тэгэхээр хууль тогтоох үйл явцад худлаа хэлж байна гэдэг нь “Хуурсаар хуурсаар худал, хумсалсаар хумсалсаар хулгайч” гэдэг шиг хууль ёсны тогтолцоо, төрийн үйл ажиллагаа бүхэлдээ худал хуурмаг дээр үндэслэж босож байна гэх эрсдэл рүү орно. Засгийн газрын гишүүд байнгын хороо, чуулган дээр худлаа хэллээ. Худлаа хэлсэн нь тэр дороо баригдаад байна. Энэ нь хүмүүс өөр хоорондоо хов жив болгож ярьдаг яриа төдий зүйл байж болохгүй. Хуулийн хариуцлага болж яригдах ёстой гэдэг үүднээс л тэгж хэлсэн юм.

-Сүүлийн жилүүдэд парламентын эрх мэдэл алдагдаж байна. Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гар чихлаа гэдэг шүүмжлэлийг мэргэжлийн хүмүүс хэлээд байгаа. Тэгвэл энэ байдлыг засахын тулд юу хийх ёстой вэ?

-Парламентад Засгийн газраас дээгүүр байдаг хоёр л эрх мэдэл, нэг учир шалтгаан байгаа. Учир шалтгаан нь юу гэхээр парламент бол ард түмний төлөөллийн байгууллага. Парламнетын дуугарч байгаа үг, гаргаж байгаа шийдвэр, явуулж байгаа үйл ажиллагаа дандаа иргэд сонгогчдын мандатаар хэрэгжиж байгаа. Засгийн газарт бол иргэдийн мандат байхгүй. Эрх мэдлийн дам шилжилт л байгаа. Тийм учраас Засгийн газар ард түмнийг төлөөлж байгаа парламентын эрх, ардчиллын зарчмаас дээгүүр эрх мэдэлтэй, аяг ааштай болохгүй. Энэ зарчим нь нэгдүгээрт, УИХ-ын тогтоож өгсөн хуулийн дагуу Засгийн газар амь орно, ажиллана. Түүнээс биш бид ингэмээр байна гэж өөрсдийгөө тодорхойлохгүй.

Төсвийн хувьд ч, хууль тогтоомжийн хувьд ч УИХ-аас зөвшөөрөл авч ажиллана. Хоёрдугаарт, Засгийн газрыг парламентын толгой дээр гаргахгүй байх чухал эрх мэдэл нь хяналт. Гаргасан шийдвэр, хуулийн биелэлт,ард түмний нэрийн өмнөөс шаардсан шаардлагаа хэрэгжиж байна уу. Засгийн газар хуураад байна уу, эсвэл хойш нь тавиад өөр зүйл хийгээд байна уу гэдгийг шалгадаг эрх мэдэл. Энэ нь Засгийн газраас ангид, сонирхлын зөрчилгүй хэрэгжих ёстой. Парламентын хяналтад Засгийн газар ямар ч оролцоогүй, эрх мэдэлгүй байх ёстой. Ганцхан шүүх эрх мэдэл л үүнийг хязгаарлаж болно. Хөндсөн тухайн асуудлаар шүүхэд маргаан шийдвэрлэх үйл ажиллагаа явж байгаа бол парламентын үйл ажиллагаа түүнтэй зөрчилдөхгүйн тулд зогсох ёстой.

Манай парламентын хяналт сул байна. Хяналтыг нь сайжруулахын тулд парламентын чиг үүргийг оновчлох хэрэгтэй. Оновчгүй зохион байгуулалтаасаа болоод чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй тохиолдлууд байна. Өөрөөр хэлбэл, парламент өөрийнхөө гар, хөлийг боомилчихсон зогсоод байгаа тохиолдол анзаарагдаж байна. Тиймээс гар, хөлөө ард түмний нэрийн өмнөөс бүрэн ажиллах хэмжээнд чөлөөлж, оновчлох ёстой. Энэ чиглэлийнхээ ажлуудыг одоо нэн даруй хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол 126 гишүүнтэй болоод ч ялгаа гарахгүй.

– УИХ-ын даргын захирамжаар 54 ажлын хэсэг байгуулагдаад хуулиудад өөрчлөлт оруулах байдлаар ажиллаж байх шиг байна. Таны хувьд эрүүдэн шүүхийн эсрэг ажлын хэсгийг ахалж байгаа. Тэгэхээр энэ олон хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа юм уу. Эсвэл эдгээр хуулийг үнэхээр тийм сул, алдаа мадагтай баталчихсан байна уу?

-Үндсэндээ парламентын нүдээр хараад асуудлаа шийдэх гэхээр юу хийх, хаана ямар асуудал байгаа эсэхийг бүрэн дүүрэн мэдэхгүй байна. Өмнөх парламентуудын үед ч энэ чиглэлийн чиг үүрэг сул хөгжсөн учраас ажиллах талбар дээрээ парламент ямар ажил хийх талаараа ойлголт суугаагүй. Тэгэхээр энэ ажлын хэсгүүдийн эхний зорилго бол хууль, тогтоомжуудыг өөрчлөх гэхээсээ илүүтэй ийм хэрэгцээ шаардлага байна уу гэдгийг тодруулах, нөхцөл байдлаа ойлгомжтой болгох, ажлын талбараа бүрэн зураглаж харах юм. Тиймээс ажлын хэсгүүд ажиллаад, судалгаануудаа хийж байна. Энэ чиглэлийн мэргэшсэн хүмүүс, төрийн байгууллагуудтай уулзаж, энд тэнд хийгдсэн судалгаануудыг нэгтгэж дүгнэж байна. Миний ахалж байгаа эрүү шүүлттэй холбоотой ажлын хэсэг л гэхэд эрүү шүүлтийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн орчин, энэ чиглэлийн байгууллагуудын зохион байгуулалт, хоорондын уялдаа зэрэг зүйлийг харж байна. Ингээд таван зүйл дээр төвлөрч байна.

-Тухайлбал?

-Нэгдүгээрт, эрүү шүүлт болон хүнлэг бус хэрцгий хандах үзэгдэлтэй холбоотой хуулийн зохицуулалт хэр оновчтой вэ гэдэг судалгаануудыг үзэж байна. Хоёрдугаарт, гэрч хохирогчтой холбоотой асуудал. Эрүү шүүлтэд өртсөн хохирогч, эрүү шүүлтийг харсан гэрч гэдэг чинь өөрөө гудамжинд хулгай хараад хэлж байгаа хүн биш. Гэмт хэрэгтэй тэмцэж байгаа, мөрдөн шалгаж, хүний амьдралыг хуулийн нэрээр яаж ч өөрчилж, буруутгаж болох эрх мэдэл бүхий хүмүүсийн өөрсдийнх нь хийж байгаа буруу үйлдлээс болж хохирсон болон тэр үйлдлийг гэрчлэх гэж байгаа хүмүүс.

Тэгэхээр хэд дахин илүү аюултай дарамт дор энэ асуудлыг хөндөхөөс өөр аргагүй болдог. Төрд байдаг хамгийн хүчтэй засаглалын хэрэгслүүдийн өөдөөс дуугарна гэсэн үг. Эрүү шүүлтийн гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо болж байгаа юм уу. Тахарын албыг татан буулгачихсан. Гэрч, хохирогчийн нөхцөл байдлыг саармагжуулчихсан энэ хөрсөн дээр эрүү шүүлтийн эсрэг дуугарах битгий хэл энгийн гэмт хэргийг ч илчлэхгүй байх хэмжээнд нөхцөл байдал чинь оччихсон байна. Тийм болохоор энэ чиглэлээр тодруулах хэрэгцээ байна. Гуравдугаарт, эрүү шүүлтийн гэмт хэрэгт өртчихлөө гээд гомдол, саналаа гаргахаар түүнийг мөрдөн шалгах чиг үүрэг, ажиллагаа бүрэн эзэнжээгүй, тодорхой бус, сонирхлын зөрчилтэй байна. Харьяалсан байгууллага шууд утгаараа алга. Хараат бусаар ажиллах боломжгүй байна.

Дөрөвдүгээрт, хамгийн гомдолтой гэж хэлж болох зүйл нь энэ чиглэлийн гэмт хэрэгт өртсөн хүмүүсийн хохирлыг барагдуулах үйл ажиллагаа учир дутагдалтай байна. Мөн гэмт хэргийг илрүүлж, мөрдөхөөс гадна гэмт хэрэг гэж шүүхээр нотлогдоогүй хэдий ч зөрчил, дутагдал гаргаад байгаа хүмүүст албаны шалгалт хийгээд хариуцлага тооцдог, бүртгэлжүүлдэг, түүнийг нь харгалзаж албан тушаал, ажил мэргэжлийнх нь асуудлыг хөнддөг тогтолцоо бүрдэхгүй бол эрүү шүүлттэй холбоотой асуудал чинь манайд дотооддоо зөвшөөрөгдсөн соёл шиг болчих гээд байна. Тавдугаарт, эрүү шүүлттэй холбоотой хуулийн биелэлтэд тавих хяналт. Гэмт хэрэгтэй тэмцэх бол Засгийн газрын үндсэн чиг үүрэг. Тэмцэж чадаж байгаа эсэх, хууль сахиулах болон, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд хуулийн биелэлт хангагдаж буй эсэх асуудлаар Засгийн газар өөрөө өөрийгөө дотоод хяналтаараа хянаж байх ёстой.

Засгийн газрын дотоод хяналт чинь яаж ажиллах юм бэ гэдэг талаар бодлого үгүйлэгдэж байна. Дотоод хяналтаа хэрэгжүүлдэг ямар ч бүтэц, чиг үүрэг алга. ХЗДХЯ-нд алга, энэ чиглэлийн боловсон хүчин, чиг үүргийн оновчлол алга. Гадаад хяналт буюу парламентын хяналт дээр учир дутагдалтай байна. Тусгай арга хэрэгслээр гэмт хэрэгтэй тэмцэж байгаа үйл ажиллагааг хянадаг тусгай хяналтын чиг үүрэг Хууль зүйн байнгын хороонд алга. Ер нь парламентын түвшинд үр ашигтай ажилладаг механизм байхгүй байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Тусгай хяналтын дэд хороо байгуулаад тэр нь зөвхөн гүйцэтгэх ажилтай холбоотой төсөв батлах л хэмжээний ажил хийж байна.

Тэгэхээр яавал парламентын хяналтыг хүний эрх, хууль дээдлэх ёсны чиглэлээр сайжруулах вэ. Яаж хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагааны нэг хэсэг болчихоод байгаа эрүү шүүлт гэх мэтчилэн хуулиас гадуур хүчирхийлэл үйлддэг, хуулийн хэрэгжилтийг үгүй хийдэг үзэгдлүүдийг парламентын хяналтад оруулж, бодлогын өөрчлөлт гаргах вэ гэдгээ бид зоригтой шийдэх хэрэгтэй байна.

-БНСУ-ын ерөнхийлөгч цэргийн эргэлт хийх гэж оролдсоныг тус улсын парламент нь таслан зогсоосон. Үүнийг парламент нь ардчиллыг хамгаалж чадсан том үйл явц гэж дэлхий нийт харж байх шиг байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ, манай улсын парламентын чадамж, үнэлэмжтэй хэрхэн холбогдож болох вэ?

-Хүч, албадлагад ойрхон байдаг, цэрэг цагдааг өөртөө эзэмшдэг гүйцэтгэх эрх мэдэл юуны түрүүнд тэр ойр байдаг арга хэрэгслээ урдаа барьж хүч хэрэглэж, эрх мэдлээ хэтрүүлчих гээд байх нь олон улсад нийтлэг үзэгдэл. Үндсэн хуульт, ардчилсан улсад Засгийн газар, эрх баригчдын энэ эрсдлийг хязгаарлах гол хүч, иргэний механизм нь парламент болдог. Сая БНСУ-д болсон үйл явдал ардчилсан Үндсэн хуулийн энэ механизм яаж ажиллаж чаддагийг харууллаа.

-Танай намын Даваагийн Цогтбаатар гишүүнийг эргүүлэн татах хэмжээний асуудал яригдаад эхэлсэн байна. Танд энэ талаар ямар мэдээлэл байна. Үүн дээр хуулийн талаас нь тодорхой тайлбар хэлж өгөөч?

-Одоогоор Улсын дээд шүүхийн шийдвэр албажиж гараагүй байгаа учраас бүрэн гүйцэт мэдээлэл алга. Албажиж гарсны дараа хууль зүйн үр дагавар үүснэ. Үүнтэй нь холбоотой процесс яаж явах тухай жичид нь ярьж болно.