ЭЗБХ: Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, цахилгаан эрчим хүчний тарифын өсөлт, эрчим хүчний хангамжийн талаарх мэдээлэл сонсов
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.12.19) хуралдаан 15 цаг 26 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэллээ. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, цахилгаан эрчим хүчний тарифын өсөлт, эрчим хүчний хангамжийн тасралтгүй, найдвартай, аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов.
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төслүүд, боловсруулах аж үйлдвэрүүдийг дэмжих, бүс нутгийн тэнцвэрт хөгжлийг хангахын тулд эдийн засгийн суурь салбар болох эрчим хүчний салбарт шинэчлэлт хийх томоохон зорилтыг Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлж, том чадлын эх үүсвэрүүд барих, бүс нутгуудад сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрүүдийг барих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 5325 МВт цахилгаан эрчим хүчний, 1778 МВт дулааны эрчим хүчний, экспортын зориулалттай 5000 МВт цахилгаан эрчим хүчний чадал бүхий нийт 35 эх үүсвэрийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхлүүлэх зорилт дэвшүүлсэн. Эдгээр төсөл арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд Засгийн газрын 4 жилийн хугацаанд Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 92 хувиар нэмэгдэнэ гэдэг тооцооллыг Б.Чойжилсүрэн сайд танилцуулсан.
Эдгээрээс хөрөнгө оруулалт нь шийдвэрлэгдсэн Бөөрөлжүүтийн 300 МВт-ын ДЦС-ын эхний ээлжийн 150 МВт-ын блокын барилга угсралтын ажил 90 хувьтай, Баянгийн 660 МВт-ын ДЦС-ын эхний ээлжийн 330 МВт-ын блокын барилга угсралтын ажил 6 хувьтай, Хөвсгөл аймгийн Мөрөнгийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барилга угсралтын ажил дууссан, улсын комисс хүлээн авах шатанд, Багануур дүүрэгт 50 МВт буюу 200 МВт/цаг батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дууссан, Тосонцэнгэлийн 30МВт-ын ДЦС-ын эхний ээлжийн 9 МВт-ын блокын барилга угсралтын ажил 90 хувьтай, Сүхбаатарын 70 МВт-ын ДЦС-ын барилга угсралтын ажил 15 хувьтай тус тус үргэлжилж байгаа аж.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн шийдвэрлэх хүрээнд 112 МВт-ын хийн тархмал эх үүсвэрийн төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа бол Дулааны III цахилгаан станцын суурин дээр шинээр 300 МВт-ын цахилгаан, 395 МВт-ын дулаан үйлдвэрлэх шинэ станцыг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэхээр, Дулааны II цахилгаан станцын дэд бүтцийг ашиглан 300 МВт-ын цахилгаан, 395 МВт-ын дулаан үйлдвэрлэх шинэ станцыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар, Дулааны IV цахилгаан станцыг 500 тн/ц буюу 210 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай зуухаар өргөтгөх төслийг төсвийн хөрөнгө оруулалтаар тус тус бүтээн байгуулахаар ажиллаж байгаа аж.
Мөн бүс нутгууд болон хэрэглээ үйлдвэрлэлийн төвүүдийг холбох 220 кВ-ын 1821.4 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулахаар төлөвлөсөн ба 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам 2 дахин нэмэгдэнэ.
Үүнд, хөрөнгө оруулалт нь шийдвэрлэгдсэн Чойр-Сайншандын 220.04 км цахилгаан дамжуулах агаарын шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа бол Багануур-Чойрын 188 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 400 км цахилгаан дамжуулах агаарын шугамын санхүүжилтийн асуудлыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр холбогдох гэрээ хэлцлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм байна.
Үргэлжлүүлэн Б.Чойжилсүрэн сайд сэргээгдэх эрчим хүчний талаар танилцуулсан. Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал нь 311 МВт байгаа бөгөөд үүнээс 130 МВт-ын нийлбэр чадал бүхий нарны 10 цахилгаан станц, 155 МВт-ын 3 салхин цахилгаан станц, 26 МВт-ын 6 усан цахилгаан станц сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг байна. Эдгээр эх үүсвэрээс 2023 онд нийт 772.6 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж нийлүүлснийн тэрбээр дурдав.
Эдгээр нарны цахилгаан станцаас нэгдсэн сүлжээнд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 483-588 төгрөг (14.2-17.3 цент)-өөр, салхин станцаас 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 320-323 төгрөг (9.4-9.5 цент)-өөр тус тус худалдан авч байгаа нь дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэн нийлүүлж буй дундаж тарифаас 4-6 дахин өндөр гэлээ.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2015, 2019 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тус хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн тарифын дээд хязгаарыг нарны станцын хувьд 1 кВт.ц нь 0.12 ам.доллар, салхин цахилгаан станцын хувьд 0.085 ам.доллар хүртэл байхаар доод хязгааргүй болгожээ.
Мөн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төслийг Эрчим хүчний яамнаас тогтоосон техникийн нөхцөл, нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх үнийн саналаар өрсөлдүүлэн шалгаруулах зохицуулалттай болсон. Тус хуулийн дагуу Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 200 МВт хүртэлх нарны цахилгаан станц, нийт 300 МВт-ын салхин цахилгаан станцын өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар эрчим хүчний системийн техникийн боломж, ирээдүйн төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эрчим хүчний сайд үргэлжлүүлэн эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлийн талаар танилцууллаа. Эрчим хүчний сайдын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/210 дугаар тушаалаар “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл боловсруулах болон эрчим хүчний салбарын үнэ тарифын өөрчлөлтийн асуудлаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан гэв.
Эрчим хүчний салбарын үнэ тарифын шинэчлэлтийн бодлогыг Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцтай уялдуулах, индексжүүлэх талаар саналыг боловсруулан Засгийн газар, Улсын Их Хурлын зарим гишүүнд танилцуулж, эхний удаад салбарын алдагдлыг бууруулах байдлаар үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн.
Олон нийтэд эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлын мэдээ мэдээллийг хүргэх кампанит ажлыг 10, 11 дүгээр сард зохион байгуулснаа дурдав. Мөн Монгол Улсын онцлогт тохирсон, эрчим хүчний салбарын реформыг хэрхэн хэрэгжүүлэх талаар эрдэмтэн судлаачид, зөвлөх мэргэшсэн инженерүүд, салбарын үе үеийн удирдах ажилтнууд болон одоо үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын удирдлага, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан олон талт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа гэв. Эдгээр зөвлөлгөөний үр дүнд салбарын реформыг үнэ тарифын шинэчлэлт хийх; салбарын бүтцийн реформ хийх гэсэн 2 үе шаттай хэрэгжүүлэхийг зөвлөжээ.
Эхний ээлжинд салбарын алдагдлыг өртгөөрөө нөхөх хэмжээнд хүргэх, хэрэглэгчийн тарифыг эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөгт нь нийцүүлэх, цаашид тогтмол индексжүүлж байхаар шийдвэрлэн, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний дундаж тарифыг 30 орчим хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэснээ дурдав. Хэрэглэгчийн цахилгаан, дулааны үнийн тарифт өөрчлөлт орж, цахилгааны тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын цахилгааны тарифыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс мөрдөхөөр төлөвлөсөн гэв. Тухайлбал, цахилгааны дундаж тариф 1 кВт.ц 216 төгрөг байгааг 280 төгрөг болгож 29.6 хувиар, дулааны тариф 1 ггкк.ц нь 33900 төгрөг байгааг 63000 төгрөг байгааг 85.9 хувиар нэмж байгаагийн зэрэгцээ айл өрхийн хэрэгцээнээс хамаарсан шаталсан тариф, оргил цагийн тариф нэвтрүүлэх зэрэг, тарифын шинэчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа гэв.
2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нүүрсний уурхай болон эрчим хүчний үйлдвэр, компаниуд нийт 355 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоотой байсан бөгөөд улсын төсвийн 2024 оны тодотголоор 131 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос гадна тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор борлуулалтын орлого 63 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, улмаар алдагдлын хэмжээ 161 тэрбум төгрөг болж буурах тооцоололтой байгааг Байнгын хороонд танилцуулсан. Цаашид ирэх онд нүүрсний уурхай, төмөр замын тээврийн салбар, эрчим хүчний салбар алдагдалгүй болж эрчим хүчний салбарын урт хугацаат зээл хэвийн төлөгдөж эхлэх бөгөөд 2025 оноос үнэ тарифын индексжүүлэлт хэрэгжүүлснээр эрчим хүчний салбарын өр төлбөрийг 3 жилийн хугацаанд буюу 2027 онд барагдуулах боломжтой гэв.
Эрчим хүчний салбарын бүтцийн реформыг эрчим хүчний зах зээлийг загварыг тодорхойлсноор хийх бөгөөд одоо ашиглаж буй нэг худалдан авагчтай зах зээлийг загварыг цаашид шинэчлэх шаардлага, бөөний зах зээлд шилжих боломжийн нөхцөл байдлын шинжилгээг хийхээр төлөвлөөд байгаа гэв. Харьцангуй бага хүн амтай, үйлдвэрлэл хөгжөөгүй байгаа цаг үед өрсөлдөөн үүсгэж болох эсэхийг сайтар судлан шинжлэх шаардлага зүй ёсоор байна. Энэхүү дараагийн зах зээлийн загварыг тодорхойлсноор хууль, эрх зүйн орчныг шинэчлэх үзэл баримтлал бий болно гэв.
Эрчим хүчний реформын нэг чухал хэсэг нь цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх асуудал бөгөөд Эрчим хүчний сайдын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/235 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний эх үүсвэрүүдийн үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэхийн тулд нэгдсэн сүлжээнд шинээр барих, өргөтгөх шаардлагатай цахилгаан дамжуулах өндөр, нам хүчдлийн шугам сүлжээ, дэд станцуудын хүчин чадал, байршлыг тодорхойлох, сэргээгдэх эрчим хүч-тархмал эх үүсвэрийн төслүүдийг нэгдсэн сүлжээний горим ажиллагаатай уялдуулан хөгжүүлэх байршил, хүчин чадлыг тодорхой болгох хувилбарт тооцооллуудыг хийж, дүгнэлт боловсруулахаар ажиллаж байгаа аж. Энэ онд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн төслийн шалгаруулалт хийх орон зайг тодорхой болгохоор ажиллаж байгаа аж. Мөн, эрчим хүчний шилжилт буюу уламжлалт эх үүсвэрээс ногоон /сэргээгдэх/ эх үүсвэрт шилжихийн тулд урт хугацааны стратегийн төлөвлөлт хийхээр олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг Б.Чойжилсүрэн сайд танилцууллаа.
Сайд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан. Монгол Улсын эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах ажлын явцад хяналт тавих шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын холбогдох тушаалаар байгуулан, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа гэв. Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоо тоноглол болох 65 зуух, 45 труба генератороос 2024 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар 57 зуух, 40 труба генератор ажиллаж байгаа бол 5 зуух, 2 труба генератор бэлтгэлд, харин 3 зуух, 3 труба генератор засварт байгаа юм байна. Системийн горим ажиллагаа хэвийн байгаа гэлээ. Эрчим хүчний салбарын 44 үйлдвэр компаниудын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажил 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дунджаар 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэв. Нүүрсний нөөцийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд бүрэн бүрдүүлж ажилласан ба 12 дугаар сарын 17-ны байдлаар нийт 704.8 мянган тонн нүүрсний, 5548 тонн мазутын нөөцтэй байгааг танилцуулсан. 2025 оны 12 дугаар сарын байдлаар төвийн бүсийн дулааны цахилгаан станцууд нь 7484.0 мянган тонн нүүрс үйлдвэрлэлд хэрэглэхээр төлөвлөснөөс 7689.0 мянган тонн нүүрс хэрэглэж, нүүрсний хэрэглээний өсөлт, төлөвлөгөөтэй харьцуулахад 2.3 хувийн өсөлттэй байгаа гэлээ. Эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын хувьд 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний хэрэгжилт “Багануур” ХК дээр 90 хувь, “Шивээ-Овоо” ХК дээр 92 хувь, “Шарын гол” ХК дээр 89 хувийн гүйцэтгэлтэй байна. “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Шарын гол” ХК-иуд нь оны эхнээс станцуудад 8.7 сая тонн нүүрс нийлүүлсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны оны мөн үетэй харьцуулахад 7.6 хувийн өсөлттэй гарчээ.
Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголоор нийт 131 тэрбум төгрөгийн татаасыг шийдвэрлүүлсэн бөгөөд Эрчим хүчний сайдын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн холбогдох тушаалаар баталсан санхүүгийн дэмжлэгийг өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлтийг бүрэн хангах, нүүрсний аюулгүй нөөц бүрдүүлэх, импортын эрчим хүч худалдан авах, тарифын алдагдлыг бууруулах, бэлтгэн нийлүүлэгч төлөх төлбөр, татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай барагдуулах, компанийн санхүү, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн үйл ажиллагаанд зориулалтын дагуу зарцуулжээ.
Монгол Улсын хэмжээнд 2024 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 11.6 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч боловсруулж, 10.1 тэрбум кВт цагт цахилгаан эрчим хүч түгээсэн. Цахилгаан эрчим хүчний боловсруулалт өмнөх оны мөн үеэс гүйцэтгэлээр 5.6 хувь буюу 616.8 сая кВт.ц-аар, батлагдсан төлөвлөгөөнөөс 0.04 хувь буюу 4.5 сая кВт.цагаар тус тус өссөн. Харин цахилгаан эрчим хүчний түгээлт өмнөх оны мөн үеэс 50.9 хувь буюу 592.6 сая кВт.ц, батлагдсан төлөвлөгөөнөөс 0.23 хувь буюу 23.9 сая кВт.цагаар тус тус өсчээ.
Нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 73 хувь буюу 8.7 тэрбум кВт.цагийг дотоодын эх үүсвэрээс, 27 хувь буюу 2.8 тэрбум кВт.цагийг импортоор хангажээ. Үргэлжлүүлэн тэрбээр өвлийн их ачааллын горим ажиллагаанд зориулагдсан батарей хуримтлуур, хүчин чадлыг шинээр нэмэгдүүлэх арга хэмжээний талаар танилцуулаад төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний эх үүсвэрүүд бүрэн чадлаараа ажиллаж байгаа ч аль нэг тоноглолд гэмтэл саатал гарах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэл буурах, дээрх эх үүсвэрийн төслүүдэд төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орохгүй тохиолдолд хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл байдал үүснэ гэдгийг танилцуулсан.
Эх үүсвэрийн хүчин чадлын дутагдал үүсэх үед хөнгөлөлт болон хязгаарлалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаагаа мөн дурдсан. Хөнгөлөлтийн хөтөлбөрт нийт 365.5 МВт-ын ачаалал бүхий хэрэглэгчдэдээ урьдчилан тохиролцсоны дагуу 17-21 цагийн хооронд 100.3 МВт-ын хүртэл ачааллыг бууруулахаар төлөвлөсөн. Хязгаарлалтын хөтөлбөрийг Улаанбаатар хотод 11, орон нутагт 3, нийт 14 багцад хуваан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв.
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, цахилгаан эрчим хүчний тарифын өсөлт, эрчим хүчний хангамжийн тасралтгүй, найдвартай, аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх Эрчим хүчний сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Жаргалан, Л.Соронзонболд, Ж.Алдаржавхлан, О.Цогтгэрэл, М.Энхцэцэг, А.Ундраа, Г.Лувсанжамц, Т.Энхтүвшин, Ш.Бямбасүрэн, С.Цэнгүүн, Р.Сэддорж, Н.Батсүмбэрэл нар асуулт асууж, Эрчим хүчний сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Мэдээлэлтэй холбогдуулан Б.Жаргалан, М.Бадамсүрэн, Н.Батсүмбэрэл, Р.Сэддорж нар үг хэлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.