Төмөр замын агентлаг байгуулна
УИХ-ын Эдийн засгийн байгын хороо өнөөдөр /2025.01.07/ Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.
УИХ-аас 2023 онд Төмөр замын тээврийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа төмөр замын агентлагтай байх тухай заалт орсон ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байгаа аж. Иймээс дээрх тогтоолын төслийн хүрээнд Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төмөр замын агентлаг байгуулахаар зааж өгчээ.
Тус агентлагийг байгуулахад 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүсэхгүй, салбарын сайдын багцаас зохицуулалт хийх боломжтой.
Шинээр байгуулагдах дээрх агентлагийг Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төвд суурилан байгуулна. Тус төв нь одоогоор 24 хүнтэй ажилладаг. Үүн дээр Зам тээврийн яаманд төмөр замын асуудал хариуцан ажиллаж буй 13 хүнийг нэмж, нийт 37 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар төлөвлөжээ.
Төмөр замын агентлаг байгуулах шаардлага үүссэнийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монгол Улс 1100 км төмөр замтай. Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь суурь бүтцийг эзэмшээд 10 мянга гаруй хүнтэй ажилладаг байсан бол өнөөдөр өмчийн олон хэлбэрийн төмөр замын компанитай болсон. Төмөр замын суурь эзэмшигч нь дөрөв, тээвэрлэгч нь тав, төмөр зам барих тусгай зөвшөөрөлтэй компани 250, төмөр замын салаа зам эзэмшигч нь 300 гаруй компани болсон.
Төмөр замаар 14.8 сая тонн ачаа тээвэрлэдэг байсан бол 42.5 сая тонн болж 2.8 дахин нэмэгдсэн. Ойрын үед хэрэгжихээр төлөвлөсөн төмөр замыг оруулан тоцвол 4200 км төмөр зам болж 3.7 дахин нэмэгдэж, ажиллах хүч 50 мянгад хүрэх төлөв гарчээ.
Иймээс Төмөр замын агентлаг нь төмөр замын суурь бүтцийн галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч хоорондын харилцааг зохицуулах, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэх, төмөр замын чиглэлийн судалгаа шинжилгээ, шинжлэх ухаан технологи инновацийг нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхлэх юм байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэв.
Г.ХОРОЛ