2025.01.14

Д.Бум-Очир: Сонгогчид залуужиж байгаа энэ үед цахимаар саналаа өгөх боломжийг бий болгох нь чухал

Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2025.01.14/-ний өдрийн хуралдаанаар Хилийн чанад дахь Монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглах боломж, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон И-Монгол академийн захирлын мэдээллийг тус тус сонслоо.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

Энэ бол зөвхөн хилийн чанад дахь монголчуудын санал өгөх боломж нөөц бололцоог нэмэгдүүлэх тухай асуудал биш. Цаашлаад дэлхий нийт цахим хөгжил рүү явж байна. Бид жил ирэх тусам сонгуулийнхаа ирцийг нэмэгдүүлэх шаардлага тулна. Сонгогчид маань илүү залуужиж байна. Шинэ залуу үеийнхэн маань цахим орчинд илүү их ажилладаг. Илүү их цаг өнгөрөөдөг ийм эрин үе бидэнд тулаад ирчихсэн байгаа. Бид нүүдлийн соёл иргэншлийн түүхтэй ийм ард түмэн. Малчин иргэд хэчнээн байгаа билээ. Хөдөө мал дээрээ байгаад саналаа өгч чаддаггүй иргэд хэд байгаа билээ гээд ингээд бодоод үзвэл яах вэ?Ер нь бол сонгуулийн санал өгөх арга технологийг улам олон болгох шаардлагатай байгаа. Хэлсэнчлэн нэг нь цахим нөгөөдөх нь магадгүй шуудан байж болох юм. Цаашлаад сонгуулийн санал авах байрны тоог нэмэгдүүлэх гэх мэт олонгарц гаргалгаануудыг бид нар судалж үзэж боломжтойг нь хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай. Энэ нь сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхнийгэм, улс төрийнхөө асуудалд оролцох, иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх ийм чухал ач холбогдолтой асуудал юм. Мэдээж үүнийг хамгаалах, сэргийлэх гээд олон зүйл гарч ирнэ. Үүнийгээ тооцож бодолцож судалж үзэхээс өөр аргагүй. Нөгөө талдаа бид цахим үндэстэн гээд бодлого дэвшүүлээд төлөвлөгөө гаргаад явж байгаа. Үнэхээр сонгуулийн саналыг цахимаар авдаг болно. Ялангуяа эхний ээлжид туршилтын байдлаар хилийн чанадад байгаа монголчуудаа цахимаар саналыг нь өгүүлнэ гэж үзвэл. Миний ойлгож байгаагаар манай улсад хэрэгжиж байгаа үндэсний цахим системд тэд нарыг холбох том алхмууд, ажлууд хийгдэх бүр нарийн ярих юм бол сонгуулиар санал өгдөггүй юм аа гэхэд манайулсад хэрэгжиж байгаа үндэсний хэмжээний цахим системүүдэд том ахиц дэвшил гарах ийм олон давуу талтай гэдгийг бид бас харах юм. Заавал сонгууль ярьдаггүй юм аа гэхэд зүгээр цахим хөгжлөө харахад нэг том алхам урагшлах иймач холбогдолтой үйл ажиллагаа байгаа гэдгийг онцлон дурдмаар байна. Тэгээд энэ ажлыг дэмжиж та бүхэн өнөөдөр санал бодлоо хуваалцаж мэдээллээр хангасан та бүхэнд баярлалаа.