Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг Улсын ЭКСИМ банк хоорондын зээлийг 20 жилийн хугацаанд төлнө
2025.01.17

Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг Улсын ЭКСИМ банк хоорондын зээлийг 20 жилийн хугацаанд төлнө

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.01.17/ хуралдаан 16 цаг 17 минутад эхэлж,  Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслөөс хамгийн түрүүнд хэрэгжиж, өгөөжөө өгч эхлэх эдийн засаг, стратегийн өндөр ач холбогдолтой төсөл юм. Улсын Их Хурлын зүгээс төслийн санхүүжилтэд шаардлагатай нийт 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2017, 2019 онуудад тус тус соёрхон баталсан бөгөөд 2024 оны жилийн эцсийн байдлаар төслийн хүрээнд 268.8 сая ам.долларын эх үүсвэрийг ашиглаж, төслийн нийт ажлын гүйцэтгэл 23.5 хувьтай байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.  

"КОВИД-19" цар тахлын дараах тээвэр ложистик, бараа материалын үнийн өсөлт, түгээлт, тээвэрлэлтийн дэд бүтцийг манай улсын цаг агаарын нөхцөл байдалд тохируулах зэрэгтэй холбоотойгоор теникийн зарим нэмэлт, өөрчлөлт оруулах болсон нь төслийн хэрэгжилтийн явцад зардлыг өсгөхөд нөлөөлсөн. Нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны 09 дүгээр сард хэлэлцэн, төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар болгож, баталсан. Үүний дагуу Засгийн газрын зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д шаардлагатай нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг 2024 оны 10 дугаар сард энэтхэгийн талд хүргүүлэн шийдвэрлүүлэхээр ажилласны үр дүнд,  Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын зүгээс зээлийн хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор шийдвэрлэсэн гэв. 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банк хооронд Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн зээлийн хэлэлцээрт 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зурсныг Б.Жавхлан сайд онцлоод уг нэмэлт санхүүжилтийн зээлийн  хэлэлцээр нь өмнөх 236.0 сая ам.долларын зээлийн дүнг нэгтгэснээр 700.0 сая ам.доллар, зээлийн нөхцөл нь өмнөх зээлийн адил жилийн 1.75 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй гэж байлаа.