АН-ын гишүүд
2017.12.08
Улстөр

АН-ын анхан, дунд шатны удирдлагууд “Намын шинэчлэлээс Монголын шинэчлэл”-д нэгдэв

Шинэчлэлийн бодлогын шинэ давалгааны эхлэл болж буй “Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн” МҮЭСТО-нд эхэллээ.

Монгол орны 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны анхан, дунд шатны удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 гаруй төлөөлөл тус зөвлөгөөнд хүрэлцэн иржээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Бид анхан, дунд шатны бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой хоёр жилийн аяныг эхлүүлж байна. Бидний өмнө Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, ирээдүйг харсан, алсын хараатай улс төрийн хүчирхэг нам болох гол зорилго бий.

Үүнд хүрэхийн тулд намынхаа анхан, дунд шатны намын байгууллагыг бэхжүүлэх, гишүүдийн чадавх, оролцоог нэмэгдүүлэх том зорилтыг тавьсан” гэв. Тэрбээр шинэчлэлийн бодлогын зорилтын талаар тавьсан илтгэлдээ Ардчилсан нам шинэчлэлийн бодлогын хүрээнд юу хийв гэдгээ дүгнэх ёстойг онцлоод энэ хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулж, өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, улс орны хөгжлийн бодлогын цаашдын зорилт, 2012-2016 онд АН-ын хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дурдав.

Үүний дараа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан зөвлөгөөнд оролцогчдод Ардчиллын төлөөх намууд нэгдсэний ойн баяр хүргэж, намын шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх ажил болон зөвлөгөөний хөтөлбөрийн хүрээнд хийх сургалтуудын талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бол АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа, АЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Хулан нар байгууллагын мэдээллийг хүргэж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Зөвлөгөөн энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилэх бөгөөд маргааш намын дотоод үйл ажиллагааны чиглэл бүрээр сургалт зохион байгуулах юм байна.

ШИНЭ МЭДЭЭ