Ц.Туваан: Л.Болд гишүүн намаасаа гарах өргөдөл өгөөгүй
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан
2018.12.04
Улстөр

Ц.Туваан: Л.Болд гишүүн намаасаа гарах өргөдөл өгөөгүй

АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар Их хурлаараа хэлэлцэх асуудлаа шийдэх юм. АН-ын шийдвэрийг зөрчсөн Ж.Батзандан гишүүнийг намаасаа хөөж, Л.Болд, Д.Мурат нарт ирэх сонгуульд нэр дэвших эрхийг нь хасаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанаас  зарим зүйлийг тодрууллаа.

-Ротацийн сонгууль хэрхэн явагдсан бэ?

-АН-ын ҮБХ-ны хуралдаанаар дүрмийн дагуу ээлжит Их хурал, хэлэлцэх асуудлыг товлоно. Өнөөдрийн хуралдаанаар намын Үндсэн дүрэмд орж байгаа нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлнэ. Намын дотоод ротацирийн сонгууль саяхан болсон. Энэ ротацийн сонгуулиар дөрвөн хүн орж ирсэн. Үүний дунд  ҮБХ-ны бүрэлдэхүүнд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал орж ирсэн.

-АН-ын даргыг огцруулах асуудал яригдаж байна. Энэ талаар?

-Тийм зүйл байхгүй.

-АН дотроо эв түнжингүй байна гэсэн яриа гарлаа?

-Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, Засгийн газарт хариуцлага тооц гэсэн чиглэлийг өгсөн. Намын дүрмийн дагуу УИХ дахь АН-ын бүлэг энэ шийдвэрийг дагаж мөрдөх дүрэмтэй байдаг. Манай бүлгийн нэр бүхий гишүүд намын шийдвэрийн эсрэг санал өгсөн. Үүнтэй холбоотой Үндсэн дүрмийн хороо хуралдаж тогтоол гаргасны дагуу АН-ын дарга нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцсон.  АН сөрөг хүчний нам. Ард түмний сонголт цөөнх буюу 9 суудал өгсөн. Сөрөг хүчин эрх баригч хүчний үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, ард түмэнтэйгээ цуг явдаг. Хэн гэдэг улстөрч байхаас үл хамаарч намын шийдвэр гардаг. АН дотоод журам, дүрэмтэй.

-АН бүлэггүй болох нөхцөл үүсээд байгаа юм биш үү?

-Бүлэг бол УИХ-ын сонгуулийн үр дүнгээр үүсч бий болдог. Тухайн гишүүн намаасаа гарах, тэгээд бүлгээсээ гарах гэсэн дэс дараагаар явах юм билээ. Тэгэхээр Л.Болд гишүүний хувьд намаасаа гарах хүсэлт өгөөгүй байгаа.

АН үзэл баримтлалдаа тодорхой өөрчлөлт хийнэ. Ингэснээр улс оронд үүсээд байгаа гацаанаас гарах асуудлыг тодорхойлно гэж үзэж байгаа. Хувь хүний, улс төрийн, эдийн засгийн, үндэсний эрх ашгийн эрх чөлөөг бий болгох  гаргалгааг хийнэ. Намын дүрмийг бид их хурлаараа баталж, Дээд шүүх дээр бүртгүүлэн хэрэгжүүлдэг.

ШИНЭ МЭДЭЭ