МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.27

Ц.Туваан: Хуулийн цоорхой байгаа учир асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай

УИХ-ын чуулганы /2022.10.27/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Хуулийн төслийг дэмжиж байгаа. Энэ асуудлыг би өнгөрсөн хугацаанд нэлээн ярьж ирсэн. Хөдөө орон нутагт иргэдтэй уулзахад цалингийн асуудлыг их ярьдаг. Тэр хүмүүс ажиллаж байгаа хэрнээ орлогын дутагдалд ороод, зээл, өрөндөө баригдаад яваад байна. Эдгээр асуудлыг шийдэх зорилготой орж ирсэн эл хуулийг хоёр гараа өргөөд дэмжиж байгаа юм.

Аймгийн төвөөс бусад сумдад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл гэж ярьдаг. Эрүүл мэнд боловсрол салбарынхан 3, 5 жилд авдаг урамшуулал. Хуулийн төслөө Сангийн яам болон төсөвтэй яаж санал гаргаж орж ирсэн бэ? Төсөв хэлэлцэж байгаа үетэй уялдаж саналаа авсан уу? Хууль батлагдвал хэзээнээс энэ нэмэгдлийг авч болох вэ?

Монголд хэрэгцээт боловсон хүчнийг бэлтгэх бодлого алдагдаад удаж байна. ТЭЗ-ийн албан хаагч дутагдалтай байгаа нь үүнтэй холбоотой. Мөн орон нутагт очиж ажиллах залуучуудын цалингийн асуудал, нийгмийн баталгаа хүрэлцэхгүй учраас сонирхохгүй байна. Энэ бол улсын хөгжилтэй холбоотой асуудал болчихоод байна.

Энэ жилийн төсөв дагаж гишүүд нэлээн ярьсны үндсэнд төрийн захиргааны албан хаагчдын цалин хөлс нэмэгдэхээр орж ирсэн. 20% нь төсвөөс, 80% нь орон нутгаас гэж ойлгож байгаа. Улсын төсвөөс татаас авч байгаа орон нутаг үүнийг яаж шийдэх вэ. Энэ бол худлаа тоо. Цөөхөн аймаг л илүү орлого төвлөрүүлж, үүнээс 80%-ийн нэмэгдэл олгох боломжтой байх. Үүн дээр алагчилгүй хандах хэрэгтэй.

ТЭҮ-ийхэн хамгийн эрт ирж, хамгийн орой тарж тухайн байгууллагын хамаг ажлыг нуруун дээрээ үүрдэг хэсэг. ТЭҮ ТЭЗ-ийн цалингийн шатлал адилхан 1-5 байсныг, 1-4-ийг нь байхгүй болгоод 5-аар нь бүгдийг тооцдог болчихсон. Энэ мөн нэлээн асуудалтай.

Түүний асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ