МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Жендерийн мэдрэмжтэй бодлого боловсруулах нь” сэдэвт мэдээлэл солилцох хэлэлцүүлэг болов
2022.11.29
Улстөр

“Жендерийн мэдрэмжтэй бодлого боловсруулах нь” сэдэвт мэдээлэл солилцох хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын Тамгын газар, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн хамтран “Жендерийн мэдрэмжтэй бодлого боловсруулах нь” сэдэвт мэдээлэл солилцох хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.11.28) зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга С.Одонтуяа мэндчилгээ дэвшүүлээд, Монгол Улсад жендерийн эрх тэгш байдлын талаар батлан хэрэгжүүлж буй бодлогын баримт бичгүүд болон хууль, хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлэгт Бүгд найрамдах Албани Улсын парламентын гишүүн, Парламентын эдийн засаг, санхүүгийн хорооны дарга Сорина Коти, Эмэгтэйчүүдийн ардчиллын сүлжээний Жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн Мирела Алхасани Дубали, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Албани дахь хөтөлбөрийн менежер Блерина Бровина нарын мэргэжилтнүүд цахимаар оролцож, жендерийн мэдрэмжтэй бодлого боловсруулах процессын талаар мэдээлэл хуваалцан, оролцогчдын асуултад хариуллаа.

Энэ үеэр мөн хэлэлцүүлэгт оролцогчдод Жендерийн мэдрэмжтэй бодлого боловсруулах гарын авлагын талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн ахлах зөвлөх Т.Баярмаа танилцуулсан.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, гадаад мэргэжилтнүүдийн бидэнтэй хуваалцсан онолын болон практик ач холбогдолтой мэдээллүүд жендерийн тэгш байдлыг хангах асуудлаар туршлага болно хэмээн тэмдэглэв. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүдийн ажлын албаны төлөөлөл, Улсын Их Хуралд суудалтай намын бүлгийн ажилтнууд оролцлоо

ШИНЭ МЭДЭЭ