МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.16
Уул уурхай, Ашигт малтмал

С.Одонтуяа: Зөвхөн нүүрсний хулгайд алдсан мөнгөөр Засгийн газрын өрийг төлөх боломжтой байсан

УИХ-ын /2022.12.16/-ны өдрийн ээлжит чуулганаар Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.

Эл асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Сүүлийн үед хүмүүс нүүрсний хулгайгаар л амьсгалж байна. Монгол улсын Засгийн газрын өр 8 тэрбум доллар. Нүүрсний хулгайн мөнгөөр Засгийн газрын бүх өрөө төлчих боломж байсан юм биш үү!

Ардчилсан намын бүлэг удаа дараа хэлж байсан. Төсвийг алдагдалтай баталвал гадаад өрөө төлөхөд хүндрэлтэй болно. Боломжгүй болно шүү гэж. Гэтэл Засгийн газар хүндрэл үүсэхгүй, бид нар мэдэж байгаа, та нар санаа зоволтгүй, алдагдал харьцангуй буурсан, асуудлаа 100% хариуцна гэсэн. Тэгэхээр Сангийн сайд Б.Жавхлан та УИХ-ын танхимд дахин нэг хариуцлагатайгаар хэлээч.

Гэрэгэ бондын 533 сая доллар, Хөгжлийн банкны 500 сая ам доллар, Монгол банкны своп 2 тэрбум доллар гээд энэ өрүүдийг Засгийн газар төлөх боломжгүй харагдаад байгаа. Энэ өрүүдийг хаанаас, ямар журмаар төлөх вэ?

Төсвийн алдагдлаар маш их боломж алдсан. Иргэдэд ойлгомжтой байдлаар яръя. Манай улсын алдагдлаар гэр хорооллын бүх айлыг тохилог орон сууцанд оруулах боломж, нийслэлд метро тавьж, утаагүй, түгжрэлгүй болох боломж алдагджээ. Тооцоо судалгаагүй төрийн шийдвэрүүд  үнэ өсөх, ханш сулрах, гадаад валютын нөөц багасах, зээлийн хүү нэмэгдэх гээд маш олон муу үр дагаваруудыг дагуулж байгаа. Үүний хохирлыг иргэд амсаж байна.

2013-2016 онуудад Монгол банкны 3 их наяд төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн хүрээнд 86000 айл орон сууцанд орсон бол одоо 250 мянган тохилог орон сууц бариад иргэддээ үнэгүй бэлэглэчих хэмжээний мөнгийг төсвийн алдагдал болгон хувиргажээ. Ингэж татвар төлөгчдийн мөнгөөр хүйтэн хандах хэрэггүй байсан.

Ковидын үед хэрэгжүүлсэн Засгийн газрын бодлого Монгол улсын эдийн засагт сөрөг үр дагавар авчирсан. Ялангуяа 5.1 их наядын хөтөлбөр. Үүнийгээ дүгнээгүй байхдаа 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ямар ч тооцоо судалгаагүйгээр 15 их наяд төгрөг зарсан гэдэг бол Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 40%-тай тэнцэнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тал хагаст нь хүрсэн ийм бодлого хэрэгжүүлсэн орон манайхаас өөр байхгүй байх.

МАН-ын бодлогууд хувийн хэвшлийг дуусгалаа. Компани аж ахуй нэгжээ хаагаад гадаад явъя гэдэг болж. Тэгэхээр хувийн хэвшлийг яаж дэмжиж, өрөө төлөх төлөвлөгөөтэй байна вэ? Бичил зээл өгөх юм уу, ЖДҮ-ийн зээл өгөх үү?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ