2023.03.14
Орон нутгийн хөгжил
МСҮТ-ийн ажилчдын цалин бага байна
УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Заамар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус МСҮТ нь 206 суралцагч, 45 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж, ХАА, МАА-н чиглэл, фермер, тогооч, гагнуурчин, том машины машинист, барилга гэх мэт мэргэжлээр суралцуулан төгсгөж байна. МСҮТ-н захиргаа суралцагчдаа төгсөх үед нь сар бүрийн хоёр зуун мянган төгрөгийн цалинг бөөнд нь бодож өгдөг аж. Нийт суралцагчдын 20% нь сумын уугуул иргэд, ажилчдын 30 % нь нутгийн суугуул иргэд гэнэ. Тус МСҮТ-ийн төгсөгчдийг Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг компаниуд гэрээтээр ажиллуулж, мөн сурч байгаа хүүхдүүдийг нь дадлагажуулан ажилд авдаг ба төгсөгчдийн 68% нь ажлын байранд очдог байна. Одоо ажиллаж байгаа багш ажилчдын цалин нь бага бөгөөд Боловсролын байгууллагын цалингийн нэмэгдлээс хоцорсон байна.
Заамар суманд ажиллах үеэрээ Сургууль, сургуулийн дотуур байрны нөхцөл байдалтай танилцаж, багш удирдлагатай санал солилцлоо. Сумын сургуулийн дотуур байранд 120 хүүхэд суудаг ба өдрийн хоолны мөнгө нь нэмэгдээд 4300 төгрөг болсон ч үнийн өсөлтийн энэ үед бүтэн өдрийн шим тэжээлт хоол хүнсийг сурагчдад өгөхөд хүрэлцээ муу хэвээр байна. Дотуур байранд ширээ сандлын хүртээмж муу байгааг анхааран нэмэгдүүлэхийг хүсч байв.