МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Малын түүхий эд үнэгүйдэж байна
2023.04.03
Орон нутгийн хөгжил

Малын түүхий эд үнэгүйдэж байна

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Сүмбэр сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Сүмбэр суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан, эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.

Сүмбэр суманд 1800 гаруй хүн амьдарч байна. Тус сумын хувьд автозам, цахилгааны шугам сүлжээгээ сайжруулах, хуучин цэцэрлэгтээ засвар хийх шаардлагатай байгаа талаар сумын удирдлагууд хэлж байв. Сүмбэр сумын албан байгууллага бүр цэвэр усны шугамтай холбогдсон ч бохирын асуудал нь бүрэн шийдэгдээгүй байна. Харин төвийн айлууд нь цэвэр устайгаа холбогджээ.

Сумын сургуульд 310 сурагч суралцдаг ба 12 бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна. Сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ сургалтын проекторыг хүлээлгэн өгч, сургуулийн удирдлага, багш ажилчдын санал сэтгэгдлийг сонслоо. Суманд ажиллах үеэрээ өндөр настан Б.Халзан, Чимэддулам, Баасанжав, Ганпүрэв, Шинэхүү гуайнд зочлон амар мэндийг нь эрж захиас сургаалыг нь сонслоо.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаар сонирхолтой танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр иргэд: Хүүхдийн шүдний эрүүл мэндийн асуудалд анхаарах, ЭМД-аар шүд эмчилдэг болмоор байна, Жаргалантын салдаг замын уулзвар дээр уралдаж ногоогоо зардаг байдлыг зохицуулж ногоо зардаг цэгтэй болмоор байгаа талаар, замын асуудлаа шийдвэрлүүлэх, шинээр шилжин ирж байгаа албан хаагчдад зориулсан байр, зээл санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа талаар, ноос арьс ширний урамшуулал олгохгүй байгаа талаар, малын түүхий эд үнэгүй болж, худалдан борлуулж чадахгүй байгаа талаар, өндөр настны тэтгэвэр бага, эм үнэтэй байгаа талаар, орон нутагт ажлын байр байхгүйн улмаас залуус маш их гадагшаа явж байгаа талаар, банкинд маш бага төлөгдөөгүй зээлтэй байхад л муу зээлдэгч болж байгаа талаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн талаар саналаа хэлж байв.

ШИНЭ МЭДЭЭ